Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн шүлгүүд…

2021-02-08 1457 0

Тоос дарсан гитар мэт үүлс

Тогоруудын дууны зүг

Зүүн хойшоо нүүхэд

Зүүрмэглэсэн бүсгүй сэрэх нь

Салхинд зүүсэн навчис

Нов ногоон болоод

Саяын зүүд тэнд тодрохуй

Сохор хүн яруу эгшинд

Хаврын аяст согтоод

Тэнэмэл гөлөгний мөр

Шүлэг мэт харагдмуу.

Тэнгэрт тогоруудын цуваа

Бийр адил үзэгдээд

Тоос дарсан гитар мэт үүлсийг

Тэнд таталсан зураач хүмүүний сүүдэр

Өвсөн дээр тусахуй хөглөгдөөд

Өлмийд бүсгүйн алчуур унах нь

Үүл мэт гитарыг үүрд хөглөхүйн шинж ээ…

Өвсний хэлээр зүрхний тус газар цэцэг дохих шиг

Өчнөөн жилийн шарх минь

Өнөө хавар ч илааршихгүй нь ээ…

***

Эцэж ядарсан шувуу

Үүлэн дээр сууж

Зуусан өвсөө

Цоор болгон үлээхүйд

Өвс болоод цэцэгсийн тухай

Аялгуу

Алга норгох нь

Анхны бороо аж…

***

Үүлэн дундах хан хөвгүүн

Үд цагаар лимбэ үлээхэд

Өдөт цагаан шувуу

Тэнгэрийн өвөрт шургаж

Өвс сэрвэгнэх чимээнээр

Өнгө цэнхэр аялгуунд хувирч

Салхины чиг нисэхүй…

Охидын хөлд салхи

Өвс адил ширэлдэх

Гоо бэлхүүс нь

Голын урсгалыг дүрслэх

Диваажин мэт эгшинд

Өөрийнхөө төгсгөл дээр

Үүрд би хавар болмуу!

Нэгэн насны минь зургийг

Навч адил дүрсэлж

Модод цэцэглэх нь

Миний шүлэг агаад

Ариун биеийг таалах шиг

Агаарт шүлэг татлах шиг

Сайхан бүсгүйг хавраар харахуй

Сая хорин тав дахь цагийг үдэж

Саран битүүрсэн үдэш

Бүсгүй хүнийг

Бурхан гэж андуурч

Би шүлэгч болсон.

***

…Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа

Хэл сураггүй халихад минь

Хэзээ хойно үгүйлэхгүй

Үймэх цасны гэгээнд

Үхэх гэдэг ариусах адил аа.

***

“Миний гуниг мэт

Дуугүй цасан гулсаад

Миний одох цаг

Дуулсан дуу шиг санагдана”

***

“Нимгэн даашинзны хормой дэрвэхэд

Нилмэгэр салхин ичингүйрэн догдлох шиг

Бэхсийн үнэрийг хүсэх цаас мэт

Бэлхүүс нарийхан охидыг ерөөнө, би”

***

Чулуу ёолов уу? гэлтэй

Царцаа дуугарахад

Тэрэгний арал чихарч

Тэнд намар цаг уйлагнана.

***

Чиний надад дурлах чинь өөр

Цээж түшиж янаглах чинь өөр

Ягаахан уруулаараа зүрхийг минь хэзээ ч үнсэхгүй

Яг түүн шигээр л мөнхөд намайг хайрлахгүй

Энхрийлүүлэн таалуулах болгоноо мэдрэх бүрий

Үүнээс ч ялдамхнаар өөр бусдыг эрхлүүлж чадах

Эгшин бүрийн хуурамч янаглалын төлөө

Эцэст нь чамаар өчнөөн тоглуулаад ч хэрэггүй

Намайг орхиж одох чинь өөр

Нулимс унагаж үдэх чинь өөр

Хайрлаж, дурлуулна гэдэг ч өөр

Харин бүсгүйчүүд гэдэг тэс ондоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Монгол шатар” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн үзмэрүүдээ дэлгээ

2024-12-02

Энэ сард “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно

МҮБХ-оос 12 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 07-нд 13

2024-12-02

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-12-01