МҮБХ-оос НОК-ын дарга Д.Сумъяабазарт хандан сар шинийн барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлт гаргаад байсан. Уг хүсэлтэд “Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байсан.
Бүр нислэгийн 2 онгоцны захиалгыг хүртэл өгсөн байснаа дурдсан байв.
Харин УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан “Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэтэл зарим нь энэ шийдвэрийг зөрчөөд барилдаж болохгүй. Мөн эрсдэл үүсгэхгүй байх чухал. Үүнийг МҮБХ ойлгож байгаа гэж бодож байна. Цахимаар зохион байгуулах ямар боломж байна гэж судалж үзсэн. Ингээд бүх нийтийн бэлэн байдал зарлаж байгаа энэ үед заавал бөхийн барилдаан зохион байгуулах ёсгүй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Дараа нь зохион байгуулах боломжтой шүү дээ” гэв.
Ийнхүү сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2 дахь жилдээ цуцлагдаж байна. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 4-ний битүүний өдөр шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд улсын аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат нар шалгарч байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй