Хүн бүр тэр дундаа бүсгүйчүүд өнгөлөг толигор, гоёмсог арьстай байхыг хүсдэг ч өөрийн мэдэлгүйгээр өөрсдийн арьсаа “эвдэж“ байдаг. Та ч гэсэн ингэж арьсандаа дайн зарладаг юм биш биз?
- Хэт олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх
Өдөр, шөнийн, зовхины тос, серум, гуужуулагч, гелин, хөөсөн цэвэрлэгч, ийлдэс гээд янз янзын бүтээгдэхүүнээр угаалгын өрөө, толины өмнөх шүүгээ чинь дүүрэн байж магадгүй. Гэхдээ нүүрэндээ нэг дор түрхэж хэт их зүйлсээр ачаалал өгөөд байвал царай гундаж, эрүүл өнгөө алдах аюултай. Тэгээд ч хэчнээн олон төрлийн, ашигтай зүйл түрхсэн ч арьс чинь дөнгөж 50 хувийг нь л өөртөө шингээж авч байгаа. Салангид олон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж хэд хэдэн үйлчилгээг зэрэг үзүүлдэг, өөртөө багтаасныг нь сонгож хэрэглээрэй. - Арьс борлуулагч аппарат
Наранд шарсан мэт гялалзсан тослог арьстай болохын тулд заавал арьс борлуулагч аппаратанд орох шаардлагагүй. Яагаад гэвэл арьс борлуулагч аппаратнаас цацардаг хэт ягаан туяа арьсны хавдрыг үүсгэгч гол хүчин зүйлсийн нэг болдог гэнэ. Борлуулагч аппарат арьсыг наснаас нь эрт хөгшрүүлдэг хор уршигтай. Цаг, мөнгөө өөртөө арьсны хавдар үүсгэх зүйлд зарцуулахын оронд борлуулдаг тосыг сонгоорой. - Халуун шүршүүрт удаан орох
Ядаргаа тайлах ид шидийг халуун душнээс олж аваад гардаг нь үнэн боловч энэ мөн л арьсыг “алдаг” нэгэн төрлийн муу зуршил мөн. Ялангуяа үсийг хатууруулж, өнгийг нь гундаахаас гадна биеийн арьсыг аймшигтай хуурайшуулдаг. Бүлээхэн усанд орсон ч сэтгэл хангалуун инээмсэглэсээр гарч ирдэг болох зорилгыг өөртөө тавиарай. Ингэхийн тулд шүршүүрт орох бүртээ усныхаа дулаан температурыг бага багаар бууруулахад л хангалттай. Мөн уснаас гарч ирсний дараа бүхэл биедээ заавал чийгшүүлэгч түрхэж байгаарай. - Хамгаалалтгүйгээр үсний шүршигч цацах
Яарах, залхуурахтай холбоотой бас нэгэн арьсны хорт зуршил. Үсээ гоё хэвтэй болгохоор шүршиж байх хооронд нүүрний арьсанд чинь хэдэн мянган бичил химийн бодисууд уралдан шингэж байгаа. Хэчнээн яарч байсан ч нүүрэн дээрээ алчуур тавьсны дараа л үсэндээ лак цац. Мөн гел, вакс зэрэг хэлбэрт оруулагч бүх төрлийн бодисыг арьснаасаа холуур хэсэгт л түрхээрэй. Эдгээрийн нэг ширхэг дусал ч нүх сүвийг бөглөж батга үүсэх нөхцөл болдог. - Чихэрт дурлах
Илүүдэл чихэр арьсыг “торлон” байрладаг коллагеныг багасгаж, амархан унжуулдаг. Ханборгоцой, манго зэрэг органик чихрээр хүслээ дараарай. - Линзээ шинэчлэхгүй байх
Хараа чинь 3 жилийн өмнөхөөс илүү муудсан гэдэг нь илт мэдэгдээд байхад л тэр үед авсан шилээ зүүсээр байх чинь ч бас арьсанд муу. Мэдээж нүдэнд илүү муу. Гэхдээ өөрийн мэдэлгүй нүдээ онийлгохдоо бид зовхиндоо өөрийн дураар үрчлээ суулгадаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй. - Саунд ойр ойрхон суух
Саунд сууж хороо гадагшлуулах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ долоо хоногт нэгээс хэтрүүлээд хэрэггүй. Сауны халуун уур нь арьсны эластин болон коллагеныг задалж ялзруулдаг. Биеийн арьс чинь тэр чигтээ бусад хүнийхээс илүү амархан унжина гэсэн үг. - “Air Condition”-ээр амьсгалах
Зуны гурван сард AC-тэй найзалдаг бол агаарыг сэрүүцүүлэх гэж хичээхийнхээ оронд чийгшүүлэгч тавиарай. Air Condition арьсыг хуурайшуулж, эвдэх магадлалтай. - Хөмсөг зулгаагчаа ариутгалгүй хэрэглэх
Хөмсөг зулгаагчийг хэрэглэхээсээ өмнө бактерийн эсрэг савангаар угаахаа бүү мартаарай. Энэ нь хөмсгөн дотор болон эргэн тойронд нь батга гарахаас сэргийлнэ. Хөмсгөө зулгаахаасаа өмнө халуун усанд базсан алчуурыг нүднийхээ дээхнэ тавьж нүхнүүдийг нь нээгээд, зулгаасныхаа дараа зуун насттай лосьон түрхэж зөөлрүүлэн, дотогшоо ургах хандлагатай үснүүдийг гаргана. - Буруу ор дэрний хэрэглэл сонгох
Нүүрний арьсаа цэвэрхэн, чийглэг байлгахыг хүсвэл дэрээ “гараа гарган” сонгох хэрэгтэй. Эрүү, хацар хэсгээр чинь батгашилт үүсээд байна уу? Тэгвэл нийлэг эдээр буюу нейлон, синтетик материалаар хийсэн дэрийг яг одоо орноосоо авч хая. Энэ төрлийн даавуунууд агаарын солилцоо явуулдаггүй учраас чийг ихээр хуримтлуулж, бактер үржих таатай орчин болон хувирдаг. Үргэлж байгалийн гаралтай материалыг л сонго. Хувцас, дотуур хувцсанд ч гэсэн. Суганы эвгүй үнэр, бэлэг эрхтний мөөгөнцөр үүсэх гол шалтгааны нэг нь нийлэг материал юм. Хэрэв арьс чинь хэт их хуурайшаад байвал хатуу даавуун материалын оронд торгоор хийгдсэн (нейлоноор биш) сатинан зөөлөн дэрний уут хийгээрэй. Үсийг чинь илүү “дуулгавартай”, арьсыг чинь чийглэг хэвээр нь хадгалах болно. Мөн ор дэрний даавуугаа хоёр долоо хоногт нэг солиорой. Биднийг эргэж хөрвөөх хооронд үхэжсэн арьс, хагнууд бүгд доош унан даавуун дотор цугларч эргээд арьсыг бохирдуулдаг. - Йогийн матрасаа солихгүй байх
Йогийн ангидаа чи хувийн гудсаа аваачиж хэрэглэдэг байсан ч тэнд чинь тос, хөлс, нянгууд хуримтлагдсан байх магадлал өндөр. Бохир гадаргуу дээр халууцсан арьсаа үрэх нь олон төрлийн муу нөлөөтэй. Гудсаа цэвэрлэх юм уу нүүрээ хүргэж байгаа хэсэгтээ цэвэр алчуур тавьж байгаарай. - Ширхэг үсээ ч “ад үзэх”
Нэг ширхэг үс сөрдийж гарсныг хармагцаа халаадаг вакс руугаа ухасхийхээ боль! Ямар ч саадгүй илэгддэг арьсандаа бид хэчнээн сэтгэл ханамжтай байдаг ч ойр ойрхон вакс хэрэглэснээс болоод арьс эмзэгшин, улайлт, биржрүүтэй болж мэднэ. Арьсандаа наад зах нь 3 долоо хоногийн хугацаа олгоорой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй