ЕРӨНХИЙЛӨГЧ: Сая төгрөгийн амлалт ба шударга ёсны гажуудал

2021-01-11 519 0

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр орой МҮОНТ-ийн 600 студид зочилж, оффшор болон баялгийн тэгш хуваарилалтын талаар ярилцлага өгнө гэсэн мэдээлэл олон хүнийг хүлээлтад автуулав. Гэвч хүлээсэн үр дүн хүссэнээр гарсангүй.

Оны өмнөхөн Ерөнхийлөгч “Оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөр өрх бүрт сая төгрөгийн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилснаа зарлаж, УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд түүнийхээ үр дүнг зарлах гэж байгаа юм болов уу? гэтэл үгүй юмсанж. Учир нь оффшор бүсээс манайд нэг төгрөг ч орж ирээгүй гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрөв. Орж ирсэн ч Монголбанк, эсвэл Төрийн банк руу шилжихгүй. Хувийн өмч хөрөнгийг хураан авах асуудал хуулийн дагуу шүүхээр шийдвэрлэгдэх ёстой” гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн анхааруулав. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн өчигдөр орой МҮОНТ-д өгсөн ярилцлага яг юунд чиглэснийг үзэгчид лав ойлгосонгүй. Харин “Хүүхдийн төлөө фонд” нэрээр хувийн дансанд цуглуулсан хэдэн тэрбум төгрөгөө л ид хав болгон ярилаа. Түүний гомдоллоод байгаа шиг “Хүүхдүүдэд мөнгө хуримтлууллаа” гээд уурлаж, бухимдаад байгаа нэг ч хүн байхгүй л дээ. Ганцхан “Хулгайчдын гараар орчих вий. Хууль журам нь байна уу?” гэдэг л эргэлзээ, болгоомжлол, хар сэр бол бүх хүнд байгаа.

Өчигдөр оройны ярилцлагын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн бас нэг зүйл нь оны өмнө шоронгийн хаалга татсан улстөрч эрхмүүдийн тухай байв.

“Хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хүмүүсийн хоморголон шүүсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт биш үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид авилга албан тушаалыг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан” гэж хээв нэг залав. Нэг үгээр тэд авилгачид учраас Монголын хууль тэдэнд үйлчлэхгүй гэнэ. Эрхэм Ерөнхийлөгч хаанаас ямар конвенц олж уншсаныг мэдэхгүй.

Харин жинхэнээсээ Авилгын эсрэг НҮБ-ын Конвенцид авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчмыг хангах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомждоо заана” гэсэн байна.

Энэ бол аль нэг улстөрч биш, хуульч судлаач хүний амнаас гарсан үг. Монголдоо л хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн түрүүнд нь алхаж яваа МУИС-ийн Хуульзүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор хүний үг л дээ.

Энгийнээр хэлбэл, авилга, албан тушаалын хэрэг дээр алагчлал буюу хөнгөвчлөх тал байхгүй шүү. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх /Үндсэн хуулийн/ зарчмаа барина шүү. Энэ төрлийн хэрэг дээр  хөөн хэлэлцэх хугацааг багасгах замаар ял завшуулж болохгүй. Хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд оргон зайлсан буюу мөрдөн шалгаах ажиллагаанаас зайлсхийсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх заалтыг дотоодын хууль тогтоомждоо оруулаарай” л гэсэн байна. Товчоор хэлбэл, авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа алхам бүр чинь хуульд нийцэж байх ёстой шүү гэсэн санаа. Нэг хэсэгт нь зориулж хууль гаргаж ял завшуулаад, нөгөө хэсгийг нь хууль бусаар яллаад байж болохгүй ээ л гэсэн үг.

Тиймээс ч энэ асуудлаар /Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн/ хуульчид  Цэцэд маргаан үүсгэж, Цэц түүнийг нь хүлээн зөвшөөрсөн билээ. Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй тул их суудлаараа дахин хуралдахаас өөр замгүй. Цэц нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт гаргах боломжгүй учир их суудлын дүгнэлт нэгэнт гарвал тэр нь гарсан цагаасаа хүчин төгөлдөр болно. Их суудлын дүгнэлтийг УИХ-аар авч хэлэлцдэггүй хуультай. Харин Ерөнхийлөгч үүнээс ихээхэн болгоомжилж байгаа бололтой.

Сануулахад, Цэц дээр бүдрээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг нь “2007 оны тавдугаар сараас 2020 оны нэгдүгэр сарын 10 хүртэл хугацаанд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээс зөвхөн ЭХ-ийн 22-р бүлэгт заасан ”албан тушаалын” гэмт хэргийг ялгаж, сэргээн шалгахаар заасан. Өөрөөр хэлбэл, дээрх төрлийн гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацааг” Эрүүгийн хуульдаа нэг өөр, Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа нэг өөрөөр биччихээд нэг жил өнгөрч байна.

Энэ нь хууль тэгш үйлчлэх, ялгаварлалгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна гэж үзсэн учраас Цэц дүгнэлтээ гаргасан. Хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны шалгууртай улс оронд бол үүнийг “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж үздэг.

Эцсийн бүлэгтээ энэ нь хууль тогтоогчийн хийсэн алдаа болохоос Цэцэд хамаарахгүй асуудал. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль тогтоогчтой нэг тал болчихсон Цэцийн шийдвэрийг шүүмжлээд сууж байгаа нь ямар зорилготой байж таарах вэ? 

Анхнаасаа зорилготой, тавилттай хийсэн энэ ярилцлагын гол учиг удахгүй болох Их суудлын хуралдаан, түүнийг тойрсон нийгмийн хэлэлцүүлэгт /шулуухан хэлэхэд тархи угаалт/ л зориулагдсан юм биш үү.

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Вьетнам улсаас 14 дүгээр сургуульд 50 мянган доллар хандивлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын

2024-10-01

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01