Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдвэрлэсний нэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулах байв. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна.
Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ.
2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Мөн Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Товч мэдээ
– Цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав. Жагсаалтад мах, улаанбуудайн үр, хүнсний улаанбуудай, хүнсний будаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, элсэн чихэр, давс, савласан ус, ариун цэврийн цаас, хүүхдийн сүүн тэжээл, живх, гадаргуу цэвэрлэх ариутгалын бодис, шүдний оо, шүдэнз, бүх төрлийн зай, цэнэглэгч, мал, амьтны тэжээл, өвс зэрэг 27 төрлийн бараа, бүтээгдэхүүн багтжээ.
– “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив. Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт эмчилгээ, лаборатори, шүд, эрүү, нүүр, ерөнхий мэс засал, гэмтэл, бичил мэс заслын багаж, тоног төхөөрөмж суурилуулна. Найман сая еврогийн хүүгүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 14 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм.
– Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны жагсаалтыг баталлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй