Төмөрийн Дарима хэмээх боловсролтой, даруухан бүсгүй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугартай олон жил үерхэж охинтой болсон гэдгийг монголчууд мэднэ. Харин сүй бэлэг, хурим найр болон албан ёсоор гэрлээгүй. Төмөрийн Дарима бэлтэй айлын, мэдлэг боловсролтой охин. Тиймээс Э.Батшугарыг жүжигчин бүсгүйтэй холбогдоход уучилж чадалгүй, эргэлт буцалтгүй явсан гэдэг.
Э.Батшугараас салснаасаа хойш гадаадад амьдарч байсан Т.Дарима энэ жил Европын нэгэн язгууртны хүү Доминик Жүүрис хэмээх чинээлэг эрхэмтэй нижгэр хурим хийжээ.
Тэд хуримаа байгалийн сайхнаараа гайхагддаг Португаль улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулсан байна. Хуриманд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос ойр дотны нөхөд нь оролцсон байна. Сетеаис ордон нь 1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон аж.
Серра де Синтра нурууны орой дээр байрласан энэхүү неоклассик архитектуртай ордноос Синтра хотын алсын бараа, хөдөө нутгийн байгаль бүхэлдээ харагддаг төдийгүй бүх талаасаа өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүд, сүрлэг том жимсний модоор хүрээлэгдсэн байдаг нь нүд салгахын аргагүй байдаг гэнэ.
Т.Дарима Монголд төрж өсөөд Пенсильванийн их сургуулийн Бизнесийн сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгссөний дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөөж явах үедээ Доминиктэй ажлын шугамаар анх танилцсан байжээ.
Үүнээс хойш долоон жилийн дараа Лондонгийн гудамжинд санамсаргүй байдлаар тааралдсанаар хайрын түүхээ эхлүүлсэн гэнэ. Т.Дарима чөлөөт цагаараа морь унадаг, Доминик нь поло спортоор хичээллэдэг. Хэн хэн нь уран зураг, урлагт дуртай.
Т.Дарима хуримын ёслолынхоо үеэр үндэсний дээлээрээ гоёсон монгол бүжигчид морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн “Жалам Хар” бүжгээр ирсэн зочдоо гайхшруулсан гэнэ. Мөн хөөмий болон морин хуур эгшиглүүлж, уран нугаралт үзүүлэн, нийт дөрвөн ч удаа хувцсаа сольсон үзүүлбэр бэлдэж үндэснийхээ өв соёлыг дээдэлсэн хурим хийсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй