“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавийн шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. Түүнийг И.Ч.Мишээл гэдэг. Тэрбээр анх 2016 онд “My Voice” тэмцээнд орж байсныг зарим сонсогчид санаж буй биз. Продюсер Б.Чинбат уг шоуны шүүгчээр ажиллаж байсан билээ. Дуучин Ц.Сарнайгийн хувьд шавийнхаа хоолойн тавилт, техник талд нь анхаардаг бол Б.Чинбат продюсерээр нь хамтран ажилладаг байна.
Эрүүл мэндийн шалтгаанаар уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан уран бүтээлч хос сүүлийн үед шавийнхаа уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын үүсгэн байгуулсан “One music” продакшны дуучин И.Ч.Мишээл одоо “Никитон” хамтлагийн дуучин болжээ.
Дуучин бүсгүйн “Чи амласан” шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд цацагдсан байна. Тэрбээр “One music” продакшнтай хамтран ажиллаж, анх “Санаж байна уу” дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Үргэлжлүүлэн “Ээж”, “Хүслээ бод” зэрэг уран бүтээлээ гаргаад буй. Түүний энэ удаагийн шинэ уран бүтээлийн ая болон хөгжмийн найруулгыг Б.Чинбат хийжээ. Дуучин бүсгүй өөрөө дууныхаа шүлгийг бичдэг аж.
Хөгжмийн найруулгыг Б.Чинбат “R&B” поп урсгалаар хийсэн бөгөөд монгол үндэсний хөгжим болох эвэр бүрээг ятга хөгжимтэй хослуулсан нь содон, шинэлэг мэдрэмж төрүүлэх аж. Харин дуу болон хөгжмийн микс мастеринг, хөгжмийн тохиргоог Сингапурийн “МҮХ” студийн хөгжмийн инжинер Жэрри Чуа хийж гүйцэтгэсэн байна. Дууны видео клипийг “Лемон” продакшны залуус бүтээж, хувцас дизайн, стилистээр “Futuristic type” хамтарч ажилласан байна. Сонирхуулахад, Холливудээс “Motown record label-ийг үндэслэгч, продюсер, хөгжмийн зохиолч H.B.Barnum дуучин И.Ч.Мишээлийн шинэ уран бүтээлийг үнэлж, захидал илгээжээ.
Эх сурвалж: urlag.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй