Б.Отгонсүх: Энэ онд сургуулийн автобус 75 ширхэгийг оруулж ирнэ

2020-10-13 681 0

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгөв.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо.

Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй.

Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдана. Энэ хүрээнд эхний ээлжинд орж ирсэн 5 ширхэг сургуулийн автобусыг өнөөдөр нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өглөө. Энэхүү хүүхдийн автобусыг “Зорчигч тээвэр гурав” компани хариуцан ажиллах аж.

“Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачаалал бууруулах ихээхэн ач холбогдолтой”

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

“Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна.

Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн онд хүүхдийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр санаачилж, туршилтаар явуулж эхэлсэн маань маш үр дүн гарсан. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж ажилласны үр дүнд эхнээсээ автобуснууд маань орж ирсэн байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачаалал бууруулах ихээхэн ач холбогдолтой” хэмээлээ.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн газарт 40 автомашин нийлүүлсэн бөгөөд түргэн тусламжын үйлчилгээ 3.3 хувиар өссөн тоон судалгаа гарчээ.  Харин цагдаагийн байгууллагад нийт 110 автомашин олгосны 90 автомашин нь нийслэлийн Цагдаагийн байгууллагад олгогдсон бөгөөд гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглаж байна.

“Эхний ээлжийн таван автобусыг хүлээлгэж өгөөд байна”

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:

-“Энэ жилийн хувьд 130 гаруй боловсролын сургуульд 310 мянга гаруй хүүхэд сурч байгаа тоон мэдээлэл байна.

Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг хүлээлгэж өгөөд байна.

Энэ төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг” гэв.

Цагдагийн байгууллага, Эрүүл мэндийн газрын автомашины парк шинэчлэлтийг хийж ажилласнаар энэ оны эхний есдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 29.7 хувиар, гудамж, талбайд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.2 хувиар, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 42.1 хувиар тус тус буурч, хэргийн илрүүлэлт 10.4 хувиар, зөрчлийн илрүүлэлт 29.6 хувиар өссөн үр дүн гарчээ. Харин түргэн тусламжийн үйлчилгээг 3.3 хувиар нэмэгдүүлж 88.9 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгох захирамж гаргажээ

Говь-Алтай аймаг сар бүрийн 1-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлажээ. Улсын хэмжээнд х

2024-11-25

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19