Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцлаа.
Энэ үеэрээ Ерөнхий сайд ”Монгол төр төр шиг байгаасай гэж хүсч байна. Монголын төрийн албан хаагчид халтар цаасны өмнө бөхийж болохгүй. Төрийн албан хаагч хүн өөрсдийгөө худалдаж болохгүй. Төрийн албанд зүтгэж байгаагаараа бахархах хэрэгтэй. Ачааных нь хамгийн хүндийг үүрэх гэж та бүхэн төрийн албанд орсон юм. Та бүхэн бол төрөөс өгч байгаа цалингаар амьдрах ёстой хүмүүс.
Төрийн албаны цалин амьдралд чинь хүрэлцэхгүй, илүү мөнгө авъя гэж бодож байгаа бол хувийн хэвшилдээ ажиллах бүрэн боломжтой. Төр, нийгмийнхээ төлөө зүтгэе, төрд шударгаар ажиллаж өгсөн цалингаар нь амьдаръя гэж сэтгэл гаргаж шалгалт өгч төрийн албанд орж ирсэн хүмүүс. Төрийн албан хаагч нар бол Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө хязгаарлуулдаг хүмүүс. Даргад захирагдах ёсонд захирагддаг хүмүүс. Энэ албандаа үнэнч, шударга зүтгэж ажиллахыг хүсч байна. Та бүхэн маань мэдлэг боловсролтой, үнэнч шударгаар ажиллавал Монголын төрийн хүчин чадал нэмэгдэнэ.
Эрчим хүч, хүнс, уул уурхайн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй байна. Төр зохицуулах юмаа зохицуулж, захирах юмаа захирах ёстой. Энэ алдагдсанаас болж Монгол Улс хөгжихгүй байна. Бусад бүх улс нь төр нь зохицуулалтаа хийдэг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох ёстой. Хаана ямар үйлдвэр барихаа төр өөрөө зохицуулж байх ёстой.
Түүнээс биш төр юм хийж байгаа хүний ажлыг булааж авч, бүх юмыг төр үйлдвэрлэж, бүх хүнийг төр ажилтай байлгана гэсэн үг биш. Хувийн хэвшлээ бүх талаар дэмжих ёстой.
Гурил, шатахуун, эрчим хүчний үнэ өсөөгүй байхад талхны үнэ нэмэгдэх нь чөлөөт зах зээл мөн үү? Төр энэ дээр зохицуулалтаа хийх ёстой.
Газрын дор байгаа баялаг нь ард түмний өмч. Энэ баялгийг төр зохицуулах ёстой. 1072 хувьцааны ногдол ашгийг олголоо. Анх удаа төрөөс зохицуулалт хийснээр ард иргэд маань байгалийн баялгаасаа тэгш хүртлээ. Үүнээс цааш жил болгон ард иргэд маань ногдол ашиг авна. 100, 200 жил авна. Үнэ ханш нь нэмэгдвэл ногдол ашиг ч нэмэгдэнэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй