Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө…

2020-09-07 2130 0

Дуучин Д.Намсрайноров “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө” хэмээн дуулсан нь тэр дороо л хит болж магтаал, шүүмжлэлийг бишгүй их дагуулсан. Бүр “Жалам хар“ пивийг хүртэл энэ дуугаараа рекламдан багагүй шан харамж хүртсэн гэнэ лээ. Хуучны дэл ихт зовно, дэлэн ихт жаргана гэх үгийг халж гэзэг үсээрээ гангардаг болсон эрчүүдийн түүчээг нэг харъя.

МУГЖ С.Жавхлан

Жавхландах буюу үсээ ургуулах мода дэлгэрүүлсэн тэрээр Монгол дээл, монгол хувцсыг өдөр тутмынхаа гоёлоор сонгон европ хувцсыг халж, энэ сонголтдоо ч үнэнч байгаа. Ханилсан хань, хавь ойрынхоо бүх хүнийг өөрийнхөө сонголтод урвуулж чадсан С.Жавхлан үсээ ургуулахдаа ч бас их ёс жаяг дагадаг гэнэ. Үсээ цас орохоор мөрөө давтал ургуулж, ногоо ургахаар хусуулдаг заншилтай.

Р.Гончигдорж

Гадаадад ажлын айлчлалаар очсон Гончигоо гишүүнийг зай завсаргүй шахам хамрын тамхи нэрэхийг нь харсан гадныхан дотроо “Хар тамхины донтой юм“ хэмээн бодож. Гэтэл ард иргэдийн амьдралтай танилцаж явахдаа боожгойгоо гаргасан бяцхан хөвгүүний өмнө очоод “За нэг тамхилчихъя“ гээд тамхи татахад нь “Өө хөөрхий бүр гаж донтон юм байна“ гэсэн гэдэг гэх нэг онигоо бий. Угтаа бол түүний хамрын тамхинаас салдаггүй бас монгол уламжлалаа сахидгийг гоочилсон нь тэр. Анх түүнийг үсээ ургуулахад нь бөө болсон гэлцэж байсан ч тэрээр эрс үгүйсгэж “Үсээ ургуулж, дээлээ өмсөн мөнгөн бүсээ зүүгээд явахад хийморь минь сэргэх шиг болдог” гэж урт үснийхээ учрыг үндсэрхэг үзэлтэйгээ холбон тайлбарласан. Түүний үсээ ургуулах мода хүүд нь ч гэсэн “халдварлаж“, том хүү Г.Эрдэмхишигт нь бас л үсээ ургуулсан удаатай.

“Фортуна” Н.Батбаяр

“Монгол эмэгтэй хүн тулганаас дээш гарч суудаггүй” гэж хэлсэн атлаа Тайландын ерөнхий сайд хатагтайгаар “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө”-нд гал өрдүүлж, хоймортоо залсан сайд асан “Фортуна” Н.Батбаяр гишүүн байхдаа гэзгээ хаялсан нэгэн байсан. Гэсэн ч сайдын суудлын сураг сонсуутаа л үсээ бага багаар авсаар шидлэх гэзэггүй болсон. Гэзэгтэй байх үедээ “Монгол төрийн тулганы гал бадраана” хэмээн зарлаж, төрийн өндөрлөгүүдийг хоёр жил лоббидсоны эцэст санасандаа хүрч байсан. Гэтэл гал тахиж гал голомтоо бадраах нь бүү хэл эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд өдөр шөнөгүй чихээ халууцуулсан даа.

МУГЖ Д.Сосорбарам

Сахал үсээрээ гоёсон эрхмүүдийн нэг нь МУГЖ Д.Сосорбарам. Үнэн эсэхийг нь мэдэхгүй ч шимтэй газрын ногоо, чалхтай эрийн сахал сайн ургадаг гэж сахал үсээрээ гайхуулсан гэх тэрээр анх Чингис хааны дүрд тоглоно гэсэн сургаар үсээ ургуулж эхэлсэн гэдэг. Харамсалтай нь түүний энэ мөрөөдөл талаар болж, хэдэн жилийн хур гомдол сэтгэлд нь тээглэж явдаг гэх юм билээ. Дээлний тоогоороо гавьяат С.Жавхлантай уралдахуйц олон дээлтэй гэж байгаа. Аархуу зантай ч авьяас билэг нь цогцолсон түүнд сахал үс нь хамгийн ихээр зохидог гэж болох юм.

“АПУ”-ийн захирал П.Батсайхан

Хүссэн үедээ үсээ ургуулж, хүссэн цагтаа хусаж орхидог энэ эрхмийн урт үсний эхлэлийг өөрийнх нь багш гэгддэг даяанч Осгонбаяртай холбон ярих нь бий. Тэр эрхэм 1500 хоног бясалгал хийн гарч ирэхдээ Монголын тэргүүн баячуудын нэгийг олны нүдэн дээр шадхийтэл алгадаж орхисныг олон хүн санаж буй байх.

Сэвжидийн Сүхбаатар

Урт үсгүйгээр нь төсөөлөхөд бэрх эрхэм бол Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар. Гурван үеэрээ шахам урт үстэй яваа түүний үс нь шингэрч, бууралтах болсон нь багагүй эмзэглүүлдэг гэнэ лээ. Гэхдээ л тэр наснаасаа залуу харагддаг. Дэл үсээ жинхэнэ намируулах шиг болдог түүний хүү “Хар сарнай“ хамтлагийн Амараа ч цаг ямагт үндсэрхэг үзэл үнэртүүлж явдаг нөхөр. Урт үсээ тухайн нөхцөл байдалдаа тохируулан хамгийн дэгжинээр засаж янзалж чаддаг түүнийг бас л үсгүйгээр нь төсөөлөх аргагүй.

“Take off” хамтлагийн Баясук

Нэг хэсэг үсээ ургуулаад одоо богино болгосон Баясук телевизийн урлагт хүч үзэж явсан нэгэн. Магад түүний урт үс ажлынх нь онцлогт тохироогүй байж мэдэх юм. Royal HD телевизийн уран бүтээлчид “Согтуу Монголоос Саруул Монгол” нэртэй зорилтот шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон ба тус нэвтрүүлгийг “Take off” хамтлагийн ахлагч Баясук хөтөлдөг байв.

Удирдаач СТА Д.Түвшинсайхан

Урт үс нь хамгийн зохимж муутай харагддаг эрхмийн нэг нь Улсын филармонийн морин хуурын чуулгын удирдаач СТА Д.Түвшинсайхан. Үсээ ургуулчихаараа тэрээр хар өнгийн парик өмсөө юу гэлтэй л харагддаг. “Монгол Бетховен” гэгддэг тэрээр магадгүй алдарт хөгжмийн зохиолчийн дүрд бүрэн гүйцэд орохыг эрмэлзсэндээ ийн үсээ урт ургуулдаг байж ч болох юм.

Жүжигчин Г.Эрдэнэбилэг

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг буюу Эби мөн л үсээ ургуулсан залуусын нэг. Ажил мэргэжлийн онцлогоосоо болж үсээ хэд ч ургуулж, хэд ч хусаж болдог ч жүжигчин залуучуудаас урт үс нь ванлий харагддаг хүн бол Эби. Ихэвчлэн хүн чанартай, эрэлхэг залуугийн дүрийг бүтээдэг түүнд урт үс нь ч чимэг болдог буй за.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07