Дархан аварга Х.Баянмөнх “Их-Эе”-ийн ажлын хэсгийг ахална

2020-09-07 731 0

МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Хуралд Цэцдийн зөвлөлийн 47 гишүүн оролцож, МҮБХ-ны ээлжит 5-р “Их Эе”-ийг 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлож, баталжээ.

Тус хурлаас ээлжит 5-р “Их Эе”-ийг зохион байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон баталжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Дархан аварга Х.Баянмөнх, гишүүдээр улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гантогтох, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Ц.Магалжав, улсын начин С.Эрхэмбаяр, Д.Жанчивдорж, бөхийн зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Л.Ням, МҮБХ-ны менежер С.Гантөр нар ажиллахаао болсон байна.

Цэцдийн зөвлөлийн хурлаас МҮБХ-ны ээлжит 5-р “Их Эе”-д төлөөлөгч сонгох журмыг хэлэлцэн, тодорхой хэмжээний өөрчлөлт оруулан баталсан байна. Үүнд:

-21 аймгаас тус бүрт 8 төлөөлөгч (Бүгд 168) “Их Эе”-д оролцоно.

-Налайх, Багануур дүүрэг тус бүрээс 3 төлөөлөгч (Бүгд 6) оролцуулна.

-Монголын үндэсний бөхийн 12 аварга шууд орно. (Нийт 187 төлөөлөгч)

Жаяг дэгийн багаас (Нийт 13 төлөөлөгч)

  • -Судлаач – 2
  • -Гарын даа – 3
  • -Тайлбарлагч – 2
  • -Засуул – 5
  • -Зүтгэлтэн -2

Ийнхүү “Их Эе”-д нийт 200 төлөөлөгч оролцуулахаар тогтож, Цэцдийн зөвлөлийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан байна.

Түүнчлэн МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүдээс дараах уриалгыг гаргажээ.


УРИАЛГА

Эрхэм бөхчүүд ээ

Торгон зодогны садан ахан дүүс ээ

Бөхийн хорхойтон, үзэгч түмэн, дэмжигч анд найз нар аа

Та бид өнөөдөр ер бусын цаг үед монгол үндэсний бөхийн нэгэн үеийг төлөөлж наадмын торгон дэвжээнд зодоглож байна. Өмнөх үеийн агуу бөхчүүдийн домог болсон барилдаан, хүн чанар, хүч чадлыг бишрэн хүндэтгэж, энэ цагийн үндэсний бөхийн түүхийг бүтээхэд өөр өөрийн хувь нэмрээ оруулж, дараа үедээ ариун сайхнаар уламжлуулан өгөх үүрэг та бидэнд оногдож байна. Түүхийн энэ гурван цагийн алтан хэлхээг холбох нийгмийн үүрэг цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй.

Монголын үндэсний бөхийн түүх цолтонгуудын төдийгүй зодог шуудагт монгол эр хүн бүрийн бахархалт түүх юм. Тэр тусмаа улс, аймаг, сумын цолтонгууд онцгой үүрэг хүлээх учиртай. Бөхийн цол зөвхөн даваа онооны дэнс бус монгол бөхийн амжилт, нэр хүнд, өв соёлыг биедээ тээсэн төрт ёсны эрхэм хүндэтгэлийн өндөр босго мөн болохыг бид гүнээ ухамсарлаж байна.

Сүүлийн хориод жил Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан мэтгэлцээн тасралтгүй үргэлжилж, талцал хагарал туйлшрал хэрээс хэтэрч, хэдийвээр хууль шүүхийн шат шатны байгууллагын шийдвэр гарч байсан боловч тодорхой шийдэлд хүрч эцэслэгдэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрч ирлээ.

Цаашдаа энэ талцал хуваагдал, маргаан мэтгэлцээнийг таслан зогсоож шинэ үеийн бөхчүүдэд шударга сайхан барилдаанаар ард олноо баясгах боломжийг олгох цаг үед бид тулж ирлээ. Энэ боломжийг өөр хэн ч бус Та бид нар, бөхчүүдийн эв нэгдэл л хангаж чадна.

Үүний тулд эдүгээ зэрэгцэн оршиж буй Үндэсний бөхийн хоёр холбоо нэгдэж Эв нэгдлийн Их хурлаа хийх шаардлага тулгарч байна. Өнөөдрийн Цэцдийн зөвлөлийн хамтарсан хурлаас ээлжит Их Эеэ хуралдуулах хамтын шийдвэр гаргаж чадсанд талархалтай байна.

Монголын үндэсний бөхийн холбооны Ээлжит их хурлын бэлтгэлийг хангах Ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт тусалж дүрмийн дагуу Их хурлаа амжилттай зохион байгуулахад бөхчүүдийн үүрэг туйлаас чухал болж байна. Тиймээс та бидний эрх ашгийг хамгаалах үүрэг чиглэл бүхий Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит Их хуралд бөхчүүд бүхэн идэвхтэй оролцож, дэмжиж, эв эеэ хичээн туслахыг Цэцдийн зөвлөлийн хамтарсан хуралдаанаас уриалж байна.

Наадмын ногоон дэвжээнд эр бяр, авхаалж самбаа, авъяас чадвараа сорьж шударгаар өрсөлдөж ард түмнээ баясгаж, монгол бөхийн хөгжлийг шинэ зууны эхэнд шинэ шатанд гарган хөгжүүлэх их үйлсэд үнэт хувь нэмрээ оруулахыг бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, эрдэмтэн судлаачид, бөхийн хорхойтон, нийт ард түмэндээ уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН ХУРАЛД ОРОЛЦОГЧИД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03