Жин нэмдэггүй, туранхай байдаг нь гентэй холбоотойг тогтоожээ

2020-06-29 1109 0

Зарим хүмүүс ямар ч дасгал сургуулилт хийдэггүй, юу хүссэнээ иддэг атлаа туранхай хэвээр байдгийн нууц юунд байна вэ?
Энэ асуултад хариулахаар Америк, Канадын эрдэмтэд 47 мянган хүний генетикийн мэдээллийн санг ашиглан судалгаа хийсэн байна.

Судалгааны үр дүнд тодорхойлсон нэгэн төрлийн ген нь хүний туранхай байгаагийн шалтгаан болжээ. Шинжлэх ухааны “Cell” сэтгүүлд нийтлэгдсэнээр тус генийг танин мэдсэнээр ирээдүйд илүүдэл жинг эмчлэх арга боловсруулж болох юм.

Судалгааны багийн ахлагч, Мичиган дахь Амьдралын шинжлэх ухааны институтын захирал, Канад улсын Бритиш Колумби их сургуулийн профессор Жосеф Пеннингер “Таргалдаггүй хүмүүс нийт хүн амын ойролцоогоор нэг хувьд нь байдаг. Ийм хүмүүс юу дуртайгаа хүссэн хэмжээгээрээ идэж, дасгал хийхгүй байсан ч жин нэмдэггүй. Судлаачид үргэлж л таргалалтыг эмчлэхийн тулд таргалалтын талаар судалдаг. Харин бид үүнийг нөгөө талаас харж, туранхай байгаа учрыг судлахыг хүссэн” хэмээжээ.

Пеннингерээр удирдуулсан судалгааны баг Эстони улсын 22-44 насны 47’102 хүний генийн дээж бүхий генетикийн мэдээллийн санг ашигласан. Ингэхдээ хэвийн жинтэй хүмүүс болон туранхай боловч эрүүл хүмүүсийн ДНХ-ийн дээж, клиникийн мэдээллийг харьцуулан шалгасан байна.

Үр дүнд нь туранхай байгаа шалтгааныг “ALK” гентэй холбон тайлбарлажээ. Энэхүү ген хүний биед эсийн өсөлтийг зохицуулдаг нэгэн төрлийн уураг ялгаруулдаг ба тус уураг нь өөх тос хуримтлуулах явцыг дэмждэг байна. “ALK” ген нь буруу мутацид орсон үедээ хорт хавдар үүсгэдэг онкоген гэх нэрээрээ алдартай боловч өөр нэг төрлийн мутаци нь хүнийг туранхай байлгадаг байж болзошгүй аж.

Иймээс судлаачид хулганы “ALK” генийг устгаж, “ALK” гентэй болон генгүй амьтдыг ижил хэмжээгээр хооллоход “ALK” гентэй хулгана илүү таргалсан байна.
Пеннингер “Бид ALK генийг устгаж, эсвэл үүргийг нь бууруулж хүнийг туранхай хэвээр байлгаж болох юм. Гэхдээ ингэснээр ямар үр дүн гарахыг мэдэхгүй тул цааш судалж байна” хэмээжээ.

Эх сурвалж: ScienceDaily.com, Cell.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Испанийн мэргэжлийн баг “Burgos BH”-тай гэрээ хийсэн ОУХМ С.Жамбалжамцыг өнөөдрийн хамгийн алдартай дугуйчнаар онцолжээ

Хагас мэргэжлийн багт уралдан “Парис 2024”олимпийн эрхээ аваад байгаа ОУХМ С.Жамбалжамц Испанийн мэр

2023-11-03

С.Жамбалжамц олимпын эрх авсан Монголын анхны дугуйчин боллоо

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын

2023-10-17

О.Хангай Замын-Үүд дэх гаалийн газрын 100 жилийн ойн барилдаанд түрүүллээ

Замын-Үүд дэх гаалийн газар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилда

2023-10-16