Швейцарийн Прокурорын газраас С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгалаа

2020-06-02 938 0

Швейцарын Холбооны шүүх, Прокурорын Ерөнхий газар өнгөрсөн баасан гарагт хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Тус хэвлэлийн хурлын үеэр “Рио Тинто” компани болон С.Баярцогтыг шалгаж буйгаа мэдэгдэхээс гадна хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэжээ.

Прокурорын Ерөнхий газар “Мөрдөн шалгахтай холбоотой ямар ч тайлбар хийхгүй. Үнэн зөвийг зөвхөн шүүхээр тогтооно. Шүүх гэм буруутайг тогтоох хүртэл хэн ч гэм буруугүй. Хэн нэгний нэр хүндэд халдахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хэвлэлээр цацагдаж буй уг авлигын дуулиантай холбоотой асуудлаар “Рио Тинто” тайлбар хийхээс эрс татгалзжээ. “Ройтерс” агентлагийн цахим шууданд Швейцарын Шүүхээс “Швейцарын шүүхийн байгууллага гадаадын нэр бүхий албан тушаалтныг хахуулдсан, мөнгө угаасан хэргийг шалгаж байгаа нь үнэн болно” гэх мэдээлэл ирсэн байна.

Тус мэдээллийн мөрөөр “Ройтерс” агентлаг их хэмжээний авлига авсан гэгдэж буй С.Баярцогттой гар утсаар болон мессежээр холбогдохыг хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн аж.

Нийтийн хүртээл болгосон шүүхийн баримтаас үзэхэд Швейцарын прокурорууд өнгөрсөн 2008 оны есдүгээр сард С.Баярцогтыг Монгол Улсын сайд болсон үетэй давхцан түүний дансанд 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар орж ирсэн хэргийг 2016 оноос эхлэн мөрдөж эхэлсэн байна.

Түүнээс мэдүүлэг авах, шаардлагатай мэдээлэл солилцоход түүний сайдын халдашгүй дархан эрх саад учруулж байжээ.

“Гадаадын нөлөө бүхий сайд албан тушаалаа хүлээн аваад удаагүй байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хууль бус мөнгийг дансандаа хүлээн авсан хэмээн сэжиглэж байна” хэмээн Швейцарын Холбооны шүүхээс мэдэгдэв.

“Ройтерс” агентлагийн сэтгүүлчид уг дуулиантай холбоотойгоор Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас тайлбар хийхийг хүсчээ.  Тус байгууллага “С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийн мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн” хэмээн мэдэгдээд, нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ. С.Баярцогтыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид өнгөрсөн 2013 онд хууль бус оффшор данстай болохыг илчилсэн билээ.

Ийнхүү Сангийн сайд асан С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлига авсан хэмээн Швейцарийн Прокурорын газраас буруутгалаа.

Тус хэргийг прокурорууд шалгаж байгаа бөгөөд дээр дурдсан мөнгө хэд хэдэн дансанд байршиж буй гэнэ. Швейцарын Дээд шүүх эхний ээлжинд 1.85 сая ам.доллар бүхий Швейцарын банк дахь дансыг царцаасан талаар албаныхан өгүүлжээ. Сангийн сайд асан С.Баярцогтыг уул уурхайн “Рио Тинто” компанид уурхайн төсөл авч өгөхийн тулд их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн прокурорууд  үзэж байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд царцаасан дээрх дансаар дамжуулан С.Баярцогтод 10 сая ам.долларыг шилжүүлсэн гэв.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар мөн өнгөрсөн 2009 онд Сангийн сайд асан С.Баярцогтын гарын үсэг зурсан “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байжээ. Уг хөрөнгө оруулалтын гэрээний дараа “Оюу Толгой”-н төсөл эхэлсэн юм.  Энэхүү гэрээг байгуулах үеэр С.Баярцогт хувийн ашиг сонирхлын хүрээнд хөндлөнгөөс нөлөөлсөн хэмээн буруутгаж байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хотын даргын “Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх” саналыг НИТХ хэвээр баталлаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталжээ. Хуралдаана

2024-12-04

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2024.12.03/ нэгдсэн хуралдаан Төсвийн тухай хуульд нэмэлт оруула

2024-12-03

ЗГ: Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна

Засгийн газраас жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээ

2024-11-28