АМЬДРАХ ШПИ: Цар тахлын үед “цуйван сэгсрэх” зөвлөгөө

2020-05-08 714 0

Арван жилийн сурагч байхад Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний ойд зориулан жүжигчилсэн тоглолт бэлддэг байлаа. Манай ангийнхан хамгийн сүүлд “Цагаан сар ба хар нулимс”-ыг тоглосон санагдана. Үүнийг нэхэн санах нэг шалтгаан өчигдөр /2020.05.07/ олдсон нь “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулилт байлаа.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ сургуулилт тун сайн найруулгатай “жүжигчилсэн тоглолт” болов. Эсвэл халдварыг дотооддоо алдаж, хязгаарлаж дийлэхгүйд хүрвэл хэрхэх вэ гэдэг асар чухал агуулгатай амьдралын хичээл гэж нэрлэсэн ч болж л байна.

Энэ хичээлийн сурагч, энэ жүжгийн гол дүр нь Чингэлтэй дүүргийнхэн байлаа. Хөл хорио тогтоож тэднийг бүтэн өдөржин гэрт нь “түгжлээ”. Гэхдээ монголчууд шиг нэгнээ шоглож, наргиан тоглоом хийсэн шиг, амар тайван, аз жаргалтай “хоригдсон” улс орон, ард түмэн энэ цаг мөчид магад үгүй биз. “Муу ёрлолоо” гэж адгах настан байхад цэх зогссон цэргийн алба хаагчийг “Сүртэй юм бэ” гэж жуумалзах залуу үе ч харагдсан. Аль нь ч байлаа гэсэн Улсын Онцгой комиссоос ард иргэддээ өгсөн амьдрах “шпи” энэ байв.

Сэтгүүлчид нэгдсэн журмаар Сүхбаатарын талбайгаас хөдөлж СУИС-ийн өмнөх уулзвараар эргэж хөл хорио тогтоосон бүсд нэвтэрлээ. Чингэлтэй дүүрэг 19 хороо, 150 мянган иргэнтэй. Дүүргийн нутаг дэвсгэр болох Төв шуудан – Баруун дөрвөн зам – Гэсэрийн уулзвар – Эх нялхас-Баянхошууны хөтөл – Халзангийн даваа – Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал – 32-ын тойрог – Баянбүрдийн уулзвар – “Хүрд” компанийн уулзварыг хамруулж нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоосон.

Цагдаагийн тууз татсан тусгай цэгт ойртоход зам дагуу зурагтаар л харж байсан битүү цагаан хувцастнууд, нүд амаа битүү халхалсан ногоон хувцастай цэргийнхэн эгнэн жагсчээ.

Автобус зогссон даруйд ариутгал халдваргүйжүүлэлт хийж дууссаны дараа биднийг гурав гурваар нь буулгаж халуун үзлээ. Цааш дахин ариутгалын цэгээр шурган орж нэвтэрснээр “Халдвартай бүс” гэсэн бичигтэй асрын үүдэнд очлоо. Улаан зураасны ард гурван хүн зогсоно. Тэдний хоёроос түргэвчилсэн оношлуураар COVID-19 илрээгүй тул ногоон шугам даган алхаж “халдвартай бүс”-ээс гарч одсон бол үлдсэн нэг хүнийг “сэжигтэй тохиолдол” гэж үзэн тусгаарлалтын арга хэмжээ авлаа. Дараагийн шатны байгууллагад дуудлага хүрснээр ХӨСҮТ-ийн цагаан хувцастнууд дохио хангинуулсаар хүрч ирж сэжигтэй иргэнийг зөөвөрлөн авч явав. Зөн муутай байж болох ч сэжигтэй тохиолдол гэж үзсэн иргэний шинжилгээний хариу эерэг гарч, олон хүнтэй уулзсан нь тогтоогдсон тул хатуу хөл хорио тогтоолоо. “Энэ чинь ердөө л үзүүлэх тоглолт” хэмээн санаж явсан минь энэ мөчөөс өөрчлөгдөж “нээрэн юу билээ” гэх бодол зурсхийж амжив.

Гэрэл зургийг MPA.mn

Хэрэв ийм тохиолдолд та хамгийн түрүүнд юу хийх вэ? Хөл хориотой тул хөдөө явж чадахгүй. Амьдрахын тулд хооллож таарна. Орой хоол хийх бүрт гэрийн хэн нэгэн зайлшгүй “Цуйван хийх үү” гэж санал болгодгоор нь энэ хоолыг жишээ болгоё. Гурил дуусчихаж. Энэ удаад та гарч гүйгээд л байрны хажуугийн, гудамжны үзүүрийн дэлгүүрээсээ санаснаа авах боломжгүй нөхцөл байдалтай нүүр туллаа. Хэн аль дэлгүүрээр үйлчлүүлэхийг хороодын ажлын алба заана. Бас би, чи, та бүгд л амьдрах чин хүсэлтэй тул дэлгүүрийн лангуунд үлдсэн сүүлийн ганц годгор хиамийг ч хөрштэйгээ хуваах нь хүн ёсны хэрэг. Дахиад гэх нөөц даанч үгүй тул та цадаад тэр өлсөж болохгүй. Хөл хорио тогтоосон тул хаашаа ч юм давхиад хүнс цуглуулаад ирж чадахгүй. Одоо яах вэ? Тэгвэл дэлгүүр ороод халдвар авалгүй харих “шпи”-г Онцгой байдлын албаныхан заалаа.

Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 халдвар нийтийн дунд тархвал хамгийн түрүүнд хүнсний хангамжийн хэрэгцээ, шаардлага бий болох нь. Үүнд улсаас тодорхой зохицуулалтыг хийж төвлөрсөн цэгүүдээс бараа татан цөөн тооны дэлгүүрт нийлүүлэх бэлтгэл ажлыг хангажээ. Үүний дараа иргэд ДЭМБ, ЭМЯ-наас өгч буй хүн хоорондын зай хоёр метр, ханиаж найтаахдаа ам хамраа таглах, амны хаалтаа тогтмол зүүх, халуунаа шалгуулах, эхний хүн гарсны дараа зөрж орох зэрэг олон шаардлагыг биелүүлж байж сая дэлгүүр орж гурил аваад харина.

Гэрэл зургийг MPA.mn

Гурилаа авсан. Одоо л нэг хоолоо хийе гэтэл ус дуусчихаж. Цар тахлын үед ус авах ч учиртай болно. Байрны айлууд хананаасаа гоожуулаад авчихна. Харин гэр хорооллынхон нэг худгаас нэг уртасгагч /шланк/ дамжуулан хэрэглэх тул өндөр эрсдэл үүснэ. Энэ тухай мэргэжлийн хяналтынхан “хичээл” заалаа. Ус түгээхийн өмнө дээж авч явуулын лабораторид шинжилнэ. Харин иргэд уртасгагч руу уралдахгүй. Мөн л хоёр метрийн зайд зогсож алсаас түгээгчид усны саваа өгнө. Түгээгч савыг дүүргэсний дараа очиж авна.

Гэрэл зургийг MPA.mn

Ерөөс нөхцөл байдал хүндэрсэн цар тахлын үед танд дэлгүүр орсон ч, ус авсан ч эмх цэгцгүй, эрх дураар, орь ганцаармэт аашлах боломж үлдэхгүй гэсэн үг. Үргэлжлүүлээд хогоо хэрхэн асгаж, ачуулахыг ч албаныхан нэгд нэгэнгүй заалаа.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ бүхнийг уншихаар танд ялимгүй инээд хүрмээр сэтгэгдэл төрж байна уу. Тийм бол дадлага сургуулилтын дараах миний бодол “Бид үнэхээр жаргалтай амьдарч байна”.  

Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналт, ХӨСҮТ-ийнхэн энэ сургуулилтаар хууль дүрэм, тоо баримт ярьсангүй. Хүнд хэцүү нөхцөлд хэрхэн амьдрах вэ гэдгийг үйлдэл бүрээр энгийн ойлгомжтойгоор заав. Хэрэв дүгнэх эрх надад байсан бол Чингэлтэй дүүргийнхэн та нар үнэхээр онц. Хэдий сургуулилт ч гэлээ Хайлааст, Дэнжийн мянга, Зүрх уулын энгэрээр өгсөж уруудахад гудамжинд нэг ч хүн үзэгдээгүй.  

Гэрэл зургийг MPA.mn

Эх сурвалж: Shuud.mn Г.Тэгшсүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр х

2024-10-03