Алматы дахь эмнэлэгт 200 орчим хүн халдвар авч халуун цэг болоод байна

2020-04-18 649 0

Казахстаны хамгийн том хот болох Алматы дахь эмнэлэг тус улсын хувьд халуун цэг болоод байгаа аж. Учир нь тус эмнэлгийн ажилтан, өвчтөн нийлээд 200 орчим хүн шинэ коронавирусийн халдвараар өвчилжээ. Алматы хотын төв эмнэлэгт халдвар тарсны дараа дөрөвдүгээр сарын 11-ээс хойш хөл хорио тогтоогоод байгаа юм.

Шинж тэмдэг илэрсэн эмч, сувилагчдыг халдварт өвчин судлалын төвд шилжүүлж, сэжигтэй хэсгийг нь 14 хоног тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Миний ажилладаг мэс таслын тасгийн ажилтнуудын 98 хувь нь вирусийн халдвар авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан ганц хүн нь би” гэж ярьж байсан эмч Ернар Пиримханаас маргааш нь халдварын шинж илэрч, тусгаарлагджээ.

Хотын эрүүл мэндийн газар болон эмнэлгийн захиргааны хооронд халдвар тарсанд хэн нь буруутай талаар маргаан үргэлжилж байна.

Алматы хотын эрүүл мэндийн газрын албан тушаалтан Айзат Молдагасимова дөрөвдүгээр сарын 13-нд болсон хэвлэлийн хурлын үеэр эмнэлгийн эмч нар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүйгээс халдвар тарсан гэж буруутгажээ. Түүний ярьснаар төв эмнэлгийн эмч нар өөрт нь халдварын шинж тэмдэг илэрсэн ч тусгаарлагдалгүй ажилдаа ирсээр байсан гэнэ.

Харин эмнэлгийн ажилтнууд хотын захиргаа анхнаасаа ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь халдвар тархах шалтгаан болсон гэж хариу буруутгажээ.

Тухайлбал эхэндээ Алматы хотын захиргаа төв эмнэлгийг Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн тоонд оруулаагүй тул хамгаалалтын хэрэгслээр эмч нарыг нь хангаагүй гэнэ. Гэвч дараа нь халдвартай өвчтөнүүдийг ямар ч бэлтгэлгүй байсан төв эмнэлэг хэвтүүлэх шийдвэр гаргасан нь халдвар тархах замыг тавьсан гэж эмч Азигуль Жумакулбай ярьжээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд халдвар тарсан эмнэлгийн захирал Алмаз Жувашевыг огцруулах шийдвэр гарсан байна. Тэрээр фэйсбүүк хуудсандаа бичсэн мэдэгдэлд “Амьсгалын замын өвчтэй хүмүүсийг манай эмнэлэг хэвтүүлэх хотын захиргааны шийдвэр нь цагтай бөмбөг тавьсантай ижил үйлдэл болсон” гэж тайлбарлажээ.

Одоо эмнэлгийн эмч, ажилтнууд Жувашевыг буцаан захирлаар томилохыг шаардаж, Молдагасимоваг шүүхэд өгөх тухай ярьж байна.

Казахстаны эрүүл мэндийн яам тус эмнэлгийн эмч нараас уучлал гуйж, асуудлыг нягталж шалгахаа амлажээ.

Сүүлийн байдлаар Казахстанд коронавирусийн халдварын 1,498 тохиолдол бүртгэгдсэний 400 орчим нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Тэдний ихэнх нь Алматы, Нур-Султан хотын эмнэлгүүдийн эмч, ажилтнууд байгаа гэнэ.

Тус улсад Covid-19 өвчнөөр нийт 17 хүн нас баржээ.

Казахстаны эмч сувилагч нарт хамгаалалтын хэрэгсэл олдохгүй байгаагаас зарим нь өөрийн хийсэн амны хаалтыг хэрэглэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Орон нутгийн эмнэлгүүдэд байдал бүр хүнд байгаа гэнэ. Казахстанд гуравдугаар сарын 13-ны өдөр анхны халдварын тохиолдол бүртгэгдэж, Төв Азийн “стан” улсуудын дотроос коронавирусийн цар тахалд өртсөн анхны улс болж байв.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул захын уулзвар хүртэлх замыг энэ сарын 6-аас түр хааж, засварлана

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төви

2024-05-01

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-нд болно

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны хооронд болно. Ээлжит цэрэг татлагыг

2024-05-01

Сурагчаа зодсон багшид 10 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сурагчийн биед багш нь халда

2024-04-22