Монгол Улс дахь “COVID-19”-ийн батлагдсан тохиолдлын тоо 30 боллоо

2020-04-14 974 0
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тусгаарлагдаж байсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээнээс коронавирусийн 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Өмнө эдгээд 14 хоног ажиглалтад байсан хоёр иргэн гэртээ гарч, өрхийн эмнэлгийн хяналтад шилжлээ. Эдгээр иргэдээс тусгаарлалтад байх хугацаанд нь хэд хэдэн удаа шинжилгээ авсан. Хариу нь сөрөг гарсан. Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 261 иргэнээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Гэвч өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ. Нэг тохиолдол нь Дархан-уул аймагт илэрсэн. ХӨСҮТ-ийн баг тухайн иргэнийг авчирч, хяналт тандалт хийх ажилдаа орсон. Эдгээр иргэд бүгд нэг нэгээрээ өрөөнд тусгаарлагдаж байгаа. Халдвар илэрсэн хүмүүс 19-23 насны оюутнууд” гэсэн юм.
Ингэснээр Монгол улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 боллоо. Үүнээс эдгэсэн 5 тохиолдол байна.

Мөн уг хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 А.Амбасэлмаа: Эрсдлийн үнэлгээг зургаан удаа хийсэн, халдвар орж ирэх магадлал маш өндөр

Шинээр илэрсэн 13 тохиолдлын ойрын хавьтлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-ОХУ-аас ирж байгаа 282 хүн бол Москвагаас Улаан-Үдэ рүү нислэгээр, Эрхүүгээс Улаан-Үдэ рүү автобусаар очиж, хилээр нэвтэрсэн. Москва хотоос Улаан-Үдэ рүү ирсэн зорчигчдыг бид Амар зочид буудалд тусгаарласан. ОХУ-аас ирсэн 20 хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарласан байснаас нэгд нь COVID-19 халдвар батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь коронавирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас бид тэндээс ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан гэсэн үг. Энэ 13 хүн өөрсдөө ойрын хавьтал бөгөөд дээрх 31 хүн дотор орсон гэсэн үг. Цаашид үргэлжлүүлэн шинжилгээ хийнэ.

Энэ батлагдсан тохиолдлуудаас ямар шинж тэмдэг илэрсэн бэ. Биеийн байдал ямар байгаа вэ?

-Тэдний биеийн байдал харьцангуй гайгүй байна. Сүүлийн тохиолдлуудын зарим нь шинж тэмдэггүй байгаа бол дөрвөн хүүхдэд 2-3 шинж тэмдэг илэрсэн. Энэ нь халдварыг нууц үеийн төгсгөлд илрүүлж, өвчин хүндэрч, уушгины хатгаа болохоос нь өмнө аварч чадсан үг. 

-Дархан-Уул аймагт байгаа тохиолдлын хувьд хаанаас ирсэн иргэн бэ?

-Дархан-Уул аймагт байгаа тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан. ОХУ-аас эдгээр тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 111 хүн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд мөн ялгаагүй нэг, нэгээр нь тусгаарласан.  

-Өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Хүний нөөцийн хувьд хүрэлцээтэй байгаа юу, эмчлэх?

-Халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж буй эмч нар байгаа. Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн байгаа бөгөөд зохицуулалт хийнэ. Одоогоор манай ХӨСҮТ-ийн эмч нар эмчлэх бүрэн чадамжтай.

-Манай улсад халдвар тархах эрсдэл ямар хэмжээнд байгаа бол?

-Монгол Улс эрсдлийн үнэлгээг нийт зургаан удаа хийсэн. Бид өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. Өмнө нь Монгол Улсад халдвар орж ирэх магадлал маш өндөр байсан бол өвчлөл бүртгэгдсэнээс хойш одоо ч халдвар тархах эрсдэл нь мөн маш өндөр байгаа. Тиймээс хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагах нь чухал. Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч энэ халдварын голомт дэлхий дахинаа идэвхтэй байсаар байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19