БНСУ-д оршин суугаа монгол иргэдээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст мэдээлэл ирүүлжээ. Тэдний мэдээлснээр БНСУ-д Монголчуудыг гадаадын иргэн гэдэг утгаар ялгаварлан гадуурхаж, амны хаалт болон ариутгагч бодис худалдахгүй байгаа аж. Энэ мэдээллийн дагуу ХЭҮК-оос манай улсын иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг тус улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүргүүлсэн байна. Тус бичигт:
“…Монгол Улсаас БНСУ-д түр хугацаагаар очсон, хоёр улсын хооронд болон зарим дамжин зорчих нислэгүүдийг зогсоосны улмаас буцах боломжгүй болсон Монгол Улсын иргэд танай улсад гадаадын иргэн гэдгээр үндэслэж амны хаалт, ариутгагч зэрэг эрүүл ахуй наад захын хэрэглэгдэхүүн худалдан борлуулахгүй, ялгавартай хандаж байгаа талаар Комисст мэдээлэл ирүүлсээр байгаа болно. Иймд холбогдох эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Солонгос Улсад байгаа Монгол Улсын иргэдийг оролцуулан гадаад улсын иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ тэгш, ялгаварлан гадуурхалтгүй эдлэх боломжийг хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.
Тэгвэл ХЭҮК-ын хүсэлтийн дагуу монгол иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж, арга хэмжээ авахуулахаар ажиллаж байгаа тухай хариуг БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ирүүлжээ. Уг бичигт:
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Бямбадорж Жамсран танаа,
Захидал ирүүлсэнд талархал илэрхийлье.
КОВИД-19 өвчнөөс үүдэлтэй хямралын энэ үед танд, танай хамт олон болон Монголын нийт ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе.
КОВИД-19 цар тахал нь Дэлхийн улс орнууд болон Бүгд Найрамдах Солонгос Улсад томоохон сорилтууд авчирч байна. Солонгос Улсын иргэд Солонгос Улсад оршин сууж буй гадаад улсын иргэдийн хамтаар бүгд л энэхүү хямралтай бүхий л боломжит арга хэмжээ авч тэмцэж байна.
Амны хаалт болон бусад эм, эмнэлгийн хэрэгсэл олоход улам л бэрх болж, улсын хэмжээнд хомсдол үүсэхийн сацуу КОВИД-19-өөр өвчилсөн хүний тоо болон уг халдварт вирусээр нас барсан хүний тоо хурдацтайгаар өсөж байна. Хэдийгээр амны хаалтыг хүртээмжтэй болгох үүднээс засгийн газраас арга хэмжээ авч, улсаас хангаж буй амны хаалтыг заасан цэгүүдээр борлуулж байгаа хэдий ч худалдан авч чадахгүй хүмүүс байсаар байна.
Таны захидалд дурдсанчлан амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэгсэл худалдан авах боломж хязгаарлагдмал байгаа Солонгос Улсад амьдарч буй гадаад иргэдийн болон Монгол Улсын иргэдийн нөхцөл байдлын талаар бид мөн санаа зовниж байгаа билээ.
Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн болно. (үүнд Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам). Нийгмийн эрүүл мэндийн бодлогод хүн бүрийн эрх, эрхэм чанарыг түүний иргэний харьяаллаас үл хамааран хүндэтгэж тусгасан байх, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар энэхүү албан бичигтээ бид дурдсан юм…
Хүний эрх хөхиүлэн дэмжих, хамгаалах бүрэн эрхтэй хараат бус байгууллагын хувьд цаашид ч мөн хамтран ажиллана гэж найдаж байна.
Баярлалаа.
Гүнээ хүндэтгэсэн
БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Чой Ёнг-аэ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй