Сурвалжилга: Өнөөдрийн төлсөн шимтгэл маргаашийн эрсдэлийг хуваалцана

2025-09-05 1084 0

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц
Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц
Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц
 гэх үг бий. Тиймээс хүн нэг бүр бүхнийг алдахгүйн тулд эрүүл мэнддээ анхаарал тавьж байх нь бидний эрхэм үүрэг. Энэ үүргээ биелүүлж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах, эрсдэлийг хуваалцахад чиглэсэн хууль журмыг сахиж байх нь зүйн хэрэг юм. Өвдсөн үед хүн сэтгэл санаа, бие махбод, эд хөрөнгийн хохирол амсаж, түүнийг барагдуулах, даван туулахад тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсдгийг бид мэднэ.

Энэ дарамтыг багасгаж, эрсдэлийг тань хуваалцах нэг арга бол таны өнөөдөр төлж буй Эрүүл мэндийн даатгалын шимтгэл юм.

Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар шинэчлэн баталдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болсноор 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр 15,840 төгрөг төлөх юм.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэд:

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • малчин
  • их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч.

Харин төрөөс хариуцан төлөх иргэд гэдэгт

  • 0-18 насны хүүхэд
  • тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн
  • нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн
  • хүүхдээ хоёр нас хүртэл, ихэр хүүхэдтэй бол гурван нас хүртэл нь өсгөн бойжуулж буй эх эсвэл эцэг
  • хугацаат цэргийн алба хаагч
  • ял эдэлж байгаа ялтан хамаарна.

Энд ЭМД-ын орлого, хамрагдалтын 1-7 сарын статистик мэдээлэл харагдаж байна.

1-7 сар хамрагдалт

Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж амжсан уу?

Оюутан Г.Тогтохбаяр:

-Сайн байна уу, миний дүү аль сургуулийн оюутан бэ?

-УБИС-ийнх. 1 дүгээр курс.

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг үү. Яаж төлдөг вэ?

-Сайн мэдэхгүй байна. Ээж төлчихдөг.

-Ойрын үед эрүүл мэндийн ямар үйлчилгээ авсан бэ?

-Нүдээ үзүүлсэн. Сургуулийнхаа урд байдаг даатгалаар үздэг нүдний эмнэлэгт үзүүлсэн.

Энэ жил оюутан болсон энэ хүү 5 дугаар сард 18 нас хүрсэн аж. Хэдий тэр Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх учиртай ч ээж нь төлдөг, энэ талаар сайн мэдээлэлгүй байгаагаа бидэнд хэлэв. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч буюу оюутнууд сарын 15840 төгрөг төлөх ёстой ба төлбөрөө ибаримт апп-ээр төлөх боломжтой юм.

Хүүтэй уулзсаныхаа дараа бид 1 дүгээр эмнэлгийг зорив. Эмнэлгийн дэргэд барилгын ажил явагдан дуу чимээ ихтэй байх ч модон саравчууд бүгд эзэнтэй, хөл хөдөлгөөн их байх аж. Дуу чимээнээс дөлсөн бололтой баруун урд талын саравчинд савтай цай тавин ууж суугаа эмээг зорин очиж хэсэг хөөрөлдөв.

-Сайн байна уу эмээ, цайлж сууна уу та?

-Сайн, сайн байна уу. Хүүхдүүд цай авчирч өгөөд. Энд хөгшин маань хэвтэж байгаа юм.

-Та хаанаас ирсэн бэ, Улаанбаатарынх уу?

-Эмээ нь Ховдоос ирсэн. Манай хүн энд хагалгаанд орсон юм.

-Дотор уухгүй, яагаад гадаа цайлж байгаа юм?

-Хөгшин намайг дэргэдээ байлгана гээд эмээ нь өчигдөр энд сахиж хоносон юм. Тэгээд хүүхэд цай аваад ирэхээр нь уучихаад явъя гээд, гадаа ч сайхан байна. Энд бөөнөөрөө суугаад хоол цай идэж байгаа хүн олон байдаг юм аа.

-Эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах хэр хүндрэлтэй байна?

-Тэтгэврийн бидний мөнгийг төрөөс төлчихдөг болохоор нэг л хэвтчихвэл уг нь амар л байх юм. Гэм нь хэвтэх гэж удна аа.

-Өөр та ямар үйлчилгээ авч байна. Даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм авдаг уу?

-Авалгүй яахав, сар болгон даралт, ходоодны эм, цус шингэлэх эмээ авна. Би 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Хөгшнийх надаас арай илүү. Цус шингэлэх эм зүгээр авбал 40 мянга гараад явчихна. Хөнгөлөхөөр 13, 14 мянга орчим болдог юм. Хөгшин надаас илүү эм ууна. Энэ даатгалын хөнгөлөлт байхгүй бол бага тэтгэвэртэй бидний хэдэн хөгшчүүд сүйд болохгүй юу. Хамаг мөнгөө эмэнд өгөөд дуусна шүү дээ.

Эмээгийн хэлсэн шиг эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Эрүүл Мэндийн Даатгалын сан /ЭМД/-гаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчилсэн тогтоолыг шинэчлэн баталсан. Тогтоолд зааснаар ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож, шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар болон хөнгөлөлт үзүүлэх хэмжээг тогтоосон юм.

Хоёр өөр нас, бүлгийн төлөөлөл болсон иргэний ярианаас ЭМД-ын үйлчилгээ иргэдэд дэм болж, эрсдэлийг нь хуваалцаж байгаа нь илт. Шимтгэлээ бүрэн төлснөөр даатгуулагч та хэрэгцээтэй үедээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг ямар ч санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломж бүрддэг гэдгийг санаж, шимтгэлээ тогтмол төлж байгаарай, хэвшээрэй.

ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлдөг даатгуулагч танд хуульд зааснаар

  • хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
  • амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
  • өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
  • эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
  • өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
  • хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
  • жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ;
  • шүүх эмнэлгийн амбулаторийн үзлэг шинжилгээ;
  • шүүх эмнэлгийн цогцост хийх шинжилгээ зэрэг тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэнэ.

Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь

  • даатгуулагчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
  • ажил олгогчийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл;
  • төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл;
  • төр төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан санхүүжүүлэхэд улсын төсвөөс олгох хөрөнгө зэргээс бүрддэг учир ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлж хэвшээрэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЭМДЕГ ажилтнуудаа дэмжсэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ажилтнуудын эрүүл мэнд, тав тухтай ажиллах нөхцөлийг х

2025-09-30

Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулав

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттайгаа

2025-09-26

Сурвалжилга: Эрт илрүүлэг хөтөлбөр зогсоогүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Эрт илрүүлэг” үзлэг оношилгоог энэ сарын 22-ны өдрөөс эхлэн

2025-09-24