
Эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэн дахин үзлэгийн цаг авах бол 20 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болж, тухайн торгуулийг эмнэлгийн орлого болгохоор зохицуулсан журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан байна.
Энэ нь өвдөж зовсон, яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай иргэдэд хүлээх цагаа богиносгох, шаардлагатай нэгэнд боломж олгох, иргэдийг хариуцлагажуулах, зохиомол ачаалал үүсгэхгүй байх зэрэг олон сайн талтай арга хэмжээ болж байна. Үзлэгийн цаг авсан иргэдийн 20-40 хувь нь тодорхойгүй шалтгааны улмаас товлосон цагтаа ирдэггүй, мөн авсан цагаа цуцалдаггүй нь зохиомол ачаалал үүсгэж, та бидний тусламж үйлчилгээ авах боломжийг “хулгайлж” байдаг. Энэ шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодруулахаар бид Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийг зорилоо.
1925 оны 10-р сарын 25-нд анагаахын шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдаж ирсэн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин эмч анх нээж, лам төвд эмнэлгийн хамт 15 ортой, 2 хэсэг бэсрэгхэн байшинтай, нэг дор үзэх амбулаторитой “Ардын эмнэлэг” байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн I эмнэлгийн суурь тавигдсан байна. Тус эмнэлэг Төв больницоос 1954 онд салбарлан бие даасан түүхтэй ба Монгол оронд шинжлэх ухааны анхны боловсон эмнэлэг байгуулсан, Улсын клиникийн төв эмнэлгийн суурийг тавилцсан П.Н.Шастины нэрээр овоглох болсон юм.
Энэ оны эхний 5 сарын байдлаар тус эмнэлэгт 10 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж, мөн тооны иргэн яаралтай тусламжийн үйлчилгээ авчээ. Хөдөө, орон нутгаас тус эмнэлгийг зорин ирэх иргэд олон. Тэдний нэг болох Говь-Алтай аймгаас ирсэн өндөр настан Б.Чулуунзагдаас ЭМДЕГ-аас гаргасан журмын талаар ямар бодолтой байгааг нь тодрууллаа.
-Сайн байна уу та, та ямар үйлчилгээ авахаар ирээд байна?
-Эмээ нь гурван жилийн өмнө энэ эмнэлэгт ходоодны дуран хийлгээд, хоёр ургацаг авахуулсан юм. Тэгээд жилдээ нэг удаа үзүүлээд явдаг.
-Та хаана оршин суудаг вэ?
-Эмээ нь хөдөөнөөс ирсэн. Говь-Алтай аймгийн хүн.
-Эмнэлэгт үзүүлэх хэр түвэгтэй байна, энд ирээд удаж байна уу?
-Хуучин бол ирээд зөндөө л уддаг байсан. Одоо харин утсаар эсвэл цахимаар цаг авдаг болсон нь бидэнд их амар юм. Хүүхдүүд цаг авчихаар нь дөхүүлж байгаад хүрээд ирдэг юм.
-Товлосон үзлэгийн цагтаа ирэхгүй бол дахин цаг авахдаа мөнгөн торгууль төлөх тухай та дуулсан уу?
-Хүүхдүүд нэг юм хэлсэн. Бидний үеийнхэн чинь цаг яс барина шүү дээ. Зарим үед цагаа хүлээгээд сууж байхад хоёр, гурван цаг хоцорч ирчихээд эмч, өвчтөнүүдтэй маргаад, хэрүүл хийгээд байгаа хүн харагддаг л юм. Уг нь цагаа төлөвлөөд, яг цагтаа хүрээд ирдэг бол аштай юу. Ирж чадахгүй бол мэдэгдчихдэг баймаар байгаа юм. Ядаж л өөр нэг ядарсан хүн тэр цагт нь үзүүлчихнэ. Эмээ нь зөв л гэж бодож байна. Тэтгэврийн бидэн шиг улсын эмнэлгээ л барааддаг хүмүүст хүлээх цаг нь богинохон, ачаалал бага байвал аштай юу.
Энэ талаар ЭМДЕГ-ын БТГ-ын мэргэжилтэн М.Ариунаа “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны зургаадугаар тогтоол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-аас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоолын өөрчлөлтийн хүрээнд, эрүүл мэндийн байгууллагад цаг захиалсан иргэд тухайн цагтаа очоогүй тохиолдолд дараагийн удаа тухайн эрүүл мэндийн байгууллагаараа давтан үйлчилгээ авахдаа 20 мянган төгрөг төлөх заалт орсон.
Энэ нь торгууль гэхээсээ илүү тухайн иргэнийг хариуцлагажуулж, зохиомол ачааллыг бууруулах зорилготойгоор орсон заалт. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн судалгаагаар нийт цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй гэдэг нь тодорхой болсон.
Тиймээс энэхүү заалтыг оруулсан. Хэрэгжиж эхлэх хугацааны тухайд тогтоол нь дөрөвдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн. Тухайн эрүүл мэндийн байгууллагууд хэзээ бэлтгэл ажлаа хангаад, хэзээнээс хэрэгжүүлж, мөрдөж ажиллах нь тухайн байгууллагын асуудал” гэх тайлбарыг өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй