“Шинэ Хархорум” хотын сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг

2024-03-18 2065 0

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байгаа ба сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна. Энэ тохиолдолд багадаа 2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний эрэлт хэрэгцээ гарна. Мөн уг хэмжээний эрэлтийг Баянхонгор, Архангай зэрэг бусад аймаг хангаж, эдийн засгийн асар их нөөц боломжийг бий болгоно гэж харж байгаа” гэлээ.

Сэргээн байгуулах тус хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна. Тухайлбал хот төлөвлөлтийн талбайн 50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам байх аж.

Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30