Д.Чойжамц: Одоо Гандангийн өвгөн лам болоод сууж байна, хэзээ дуртай цагтаа хийддээ ирж, ном хурна

2023-11-07 2817 0

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.


Тэрбээр “Би Монголын бурхан шашинтны төвийн Хамба ламаар 31 жил ажилласан. Тэрнээс өмнө дөрвөн жил Да ламын албанд байсан. Нийт 36 жил ажиллалаа. Гэхдээ би бахархалтай зүйл гэж бодохгүй байна. Учир нь 1937 онд их хэлмэгдүүлэлтээр туршлага, мэдлэгтэй лам хувраг, эрдэмтэн мэргэдийг егүүтгэсэн. Тэгээд 1970 онд Шашны дээд сургуулийг байгуулж, дөрвөн жил болоод цөөн элсэлт авдаг байсан. Тэр дундаас 1990 онд Ардчилсан хувьсгал гарч, лам нарын тоо цөөрсөн. Хэлмэгдүүлэлтэд өртсөн лам нар маань 80, 90 нас хүрчихсэн байсан учраас дунд үеийнхэн дунд дээд сургууль төгссөн хэдэн хүн байсан. Тэр дотроос намайг Хамба ламаар томилсон юм.

Энэ хугацаанд 1990-ээд оны бусад хийдүүдээс хамаагүй бэхжилттэй байсан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээ түшиглэн, дэмжлэг үзүүлж, долоон уламжлалт сургуулийг байгуулсан. Тэнд сурч боловсорсон хүмүүс орон нутгийн хийдэд ажилладаг болсон. Бүхэл бүтэн буддын шашны боловсролын тогтолцоо үүссэн гэж хэлж болно.

Үүний үндсэн дээр зарим нэгэн зүйл 1937 оноос хойш тасарсан байсан. Энэтхэг улсад 10-аад мянган шавьтай гурван том сургууль бий. Тэнд мухар сүсгээр биш судалгаа шинжилгээ, мэтгэлцээн, логик хэлэлцээний үндсэн дээр бурхны номоо судалж, баталдаг. Энэ бүхэнд 24 жил шаардлагатай. Монголоос 1990 оны эхээр Энэтхэгт суралцахаар явсан хүүхдүүд 3-4 жилийн дараагаар ирж эхэлсэн. Эрдэмтэй боловсролтой лхаарамба цолтой хоёр залуу лам маань сургуулиа төгсч чадсан. Мөн гавж, гэвш цолтой 20 орчим залуус эх орондоо ирлээ. Хувилгаад, хутагт нь бий болж, тодорсон сайхан үед эрдэм, боловсролтой залуус маань шашнаа улам түгээн дэлгэрүүлэх чухал цаг үе ирж байна. Нэг шат өндөрсч байна. Ийм үед Лхаарамбын дамжааг нэгдүгээр зэрэгтэй хамгаалсан Д.Жавзандорж гэдэг ламыг бурхны шашнаа удирдаж явах чадамж төгөлдөр болжээ гээд хүсэлт гаргаж, томилохоор болсон” гэв.

Мөн тэрбээр цаашид хийх ажлынхаа талаар ярихдаа “Би Гандантэгчинлэн хийддээ байлгүй яах вэ. Би энэ хийдийн уугуул хүн. НҮБ-д статустай ганц байгууллага болох Азийн буддистуудын энх тайвны бага хурал 1970 онд хуралдаж, анхны өвгөн лам болсон. Одоо Гандангийн өвгөн лам болоод сууж байна. Хэзээ дуртай цагтаа Гандандаа ирж, ном хурна.

Дэлхийн бурхны шашны долоон том байгууллага бий. Үүний гурвынх нь удирдах албанд ажилладаг.

Тодруулбал, Азийн буддистуудын энх тайвны хурлын ерөнхийлөгч, Дэлхийн буддын дээд хэмжээний чуулгын ерөнхийлөгч, энэ жил Япон төвтэй бурхны шашны байгууллагын том хүн болсон. Энэтхэгт бас Олон улсын буддын шашны байгууллага байдаг. Тэр байгууллагад бодлого тодорхойлогч гэдэг ажил хийдэг. Тэр ажлаа үргэлжлүүлнэ. Азийн буддистуудын энх тайвны хурлын ерөнхийлөгчийн сонгууль 2026 онд болно. Тэр хүртэлх хугацаанд шашны ажлаа улам бэхжүүлэх ажлыг идэвхийлэн хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: News.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: Цэцэрлэгтээ хонхолзсон ходоодтой биш, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2024.09.11/ гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаа

2024-09-11

Завхан, Баянхонгор, Архангай зэрэг аймгийн зарим суманд нойтон цас оржээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр

2024-09-09

Хар-Ус нуурыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэж, батламжиллаа

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүр

2024-09-09