Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно

2023-10-30 3264 0

Нийслэл Улаанбаатар хотын 384 жилийн ойн өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх бодлогоо танилцууллаа.

Түүний танилцуулгаас товчлон хүргэе.

“Улаанбаатарчууд түгжрэлд жилийн нэг сарыг буюу 717 цаг болон 3.8 их наяд төгрөгийг зарцуулж байна. Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Улаанбаатар хотод 720,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байна.

Импортын автомашиныг хязгаарлахгүйгээр замыг өргөсгөх, холбоос тойрог замыг нэмэх, хурдны зам барих байдлаар замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй, бусдад шилжүүлэх, барьцаалах боломж бүрдэнэ.

Шинэ автомашин авах тохиолдолд хуучин машинаа хөдөө орон нутагт худалдаалах, устгуулах замаар бүртгэлээс хасуулаад, дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ машин авахдаа ашиглах зохицуулалтыг оруулж байна.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөсгөх, 12 тойрог замын холбоос бүхий авто замын сүлжээг бий болгох хөрөнгө оруулалтын зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгаж, зураг төслийн ажил хийгдэж байна.

Иргэдийг автомашинаа оношилгоонд оруулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, торгууль, татвараа төлөхийг шаардах болно. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар хөдөлгөөний эрчим 30% буурдаг судалгаа бий.

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл төлбөртэй бүс болгоно. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна.

Ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна. БНХАУ-ын метро барьдаг төрийн өмчит компаниудтай Улаанбаатар хот хамтран ажиллах боломж, нөхцөлийг ойрын үед судалж, танилцуулах асуудлаар Монгол, Хятадын Засгийн газрын тэргүүн нар яриа хэлэлцээ амжилттай болсон.

Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг метро, тойрог хурдны зам барьж байгуулахад эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж байна.

Метро, тойрог хурдны замыг байгуулах төслүүдэд хэлэлцээрийн ширээг ахалж сууна. Ингэснээр Улаанбаатар түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй хот болох боломж бүрдэнэ.

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хийнэ. Ногоон автобусны дуулиан намжаагүй байгаа. Арваннэгдүгээр сарын 24 гэхэд нээлттэй тендер шалгаруулж, 700 орчим евро стандартын автобус авна.

Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдийг авто замаар холбож, дунд оврын автобус явуулахаар төлөвлөж байна. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруугийн замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах авто замын шинэчлэлийг ирэх онд хийнэ. Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн автобусаар явдаг болно” гэж дурдлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03