Азербайжаны Баку хотноо буудлага спортын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж, Монголын 16 мэргэн бууч оролцож байгаа юм.
ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпод оролцох нормативыг биелүүлж, Монголын багаас анхлан олимпын эрхээ авлаа.
Тэрээр ДАШТ-ээ 587 оноотой 11-р байраар өндөрлүүлэв. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчинд эрх олгох байсан ч О.Есүгэний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт авчихсан байсан учир Монголын тамирчны байр огшсоор олимпын эрх олгох жагсаалтын гуравт багтсан байна.
О.Есүгэн өмнө нь “Токио-2020” олимпод цэц сорьсон бөгөөд хийн урт бууны 10 метрийн төрөлд хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, медалийн төлөө өрсөлдөж боломжтой байсан ч 624 оноогоор 25-р байрт орсон билээ. Харин урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шатнаа нийлбэр дүнгээр 27-р байрт жагсаж “Токио-2020” олимпыг өндөрлүүлжээ.
О.Есүгэн 24 настай, буудлын спортоор 10 дахь жилээ хичээллэж байгаа. ДАШТ-ий өмнө тэр “Заавал бүхнийг төгс гүйцэтгэх албагүй. Миний хувьд Токиогийн олимп бол эхлэл. Дөнгөж эхний шатан дээр гишгэсэн гэсэн үг. Намайг олон олимп хүлээж байгаа. Би буугаа даахаа болих хүртлээ цэц сорино. Бэлтгэлээ сайн хийж байхад хэзээ нэгэн цагт үр дүн гарч л таарна” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй