НИТХ-ын ээлжит хуралдаанаар 500 тэрбум төгрөг үнийн дүн бүхий нийслэлийн үнэт цаасны хөрөнгөнөөс 2023 оны төсвийн жилд 177.5 тэрбум төгрөгөөр нь хагас коксжсон нүүрс асаагуурын хамт худалдаж авах заалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэж баталжээ.
Тодруулбал, Хятадаас 177 тэрбумаар хагас коксон нүүрс худалдан авч, шинэ түлш үйлдвэрлэн, 2023.12-15-наас 2024.01.31 хүртэл одоо байгаа сайжруулсан шахмал түлшний оронд нийслэлийн айл өрхүүдэд түлж, туршина гэв. Туршилтын эцэст шинэ түлшийг хэрэглэж эхлэх эсэхийг Улаанбаатарчууд олон нийтээрээ шийдэх юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Ард иргэдээс утаа их байна гэсэн шүүмжлэл маш их гарсан. ОББҮХ, Эрчим хүчний яамныхан одоо байгаа медленг хагас коксоор сольж үзье гэсэн туршилт хийсэн. Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ, 80 тонн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторит шинжлүүлж үзлээ.
Тэгтэл тоосонцор одоо байгаа медленгийн түлш бол 157 мкг м.куб байсан бол 43 болж байгаа. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.
Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.
Хэрэв, Нийслэлээс 177 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, оруулж ирээд, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна” хэмээн танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн “БНХАУ-аас 177.5 тэрбумаар хагас коксжсон нүүрс авч, одоогийн сайжруулсан шахмал түлшийг зогсоогоод бүх айлд түлүүлж, туршина.
Энэнээс бага зардлаар хийх бололцоо харамсалтай нь алга байна.
Туршилт амжилттай болвол нэг тонн түлш 700 мянган болохоор байгаа, одоо нэг тонн нь 150 мянга байгаа. Гэхдээ түлшний үнийг огцом нэмж болохгүй тул үүнийг яах нь дараагийн асуудал.
Утааг 2025-2026 оны галлагааны улиралд шийдэж чадах байх, наана нь чадахгүй. Ямар ч байсан оролдоод үзэх хэрэгтэй.
Дараагийн удаад, хагас коксын 600 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг Багануурт хийхээр ТЭЗҮ-г нь хийгээд дуусаж байна. Дараа нь Тавантолгой түлш шинээр баригдах үйлдвэрээс хагас коксыг нь худалдаж авах гэрээг нь хийж өгнө. Багануураас нийлүүлэх түүхий нүүрсний үнийг 10 жилийн хугацаанд тохирч, гэрээг нь байгуулж өгнө. Энэ үйлдвэрээс хагас кокс, хийн станцыг ажиллуулах боломжтой хий, давирхай гэсэн гурван бүтээгдэхүүн гарна.
Хагас коксын үйлдвэрийг 16-18 сарын хугацаанд барьж, 2025 оны зургадугаар сарын 30-нд ашиглалтад оруулна. 2025-2026 оны өвөл шинэ түлшинд шилжих боломжтой. Үүнээс өмнө туршихаас өөр арга байхгүй. Туршилт бол арай эерэг, хоруу чанар бага, хэр үр дүнтэйг нь хэмжих болохоос биш хүмүүсийг туршилтанд оруулж эрүүл мэндээр нь хохирооно гээгүй.
Одоогийн сайжруулсан шахмал түлш их өндөр алдагдалтай явж байгаа. Хоёр дахь арга хэмжээ авах шаардлага үүсэж байгаа” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй