Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж байна. Уг төсөлд УИХ нэг танхимтай байна, УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг оруулна. Үндсэн хууль бол Монголын хүн амын эрх ашиг, урт хугацааны хөгжлийн зорилтыг хангах үндсэн үүрэгтэй, УИХ, Засгийн газар, шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулдгаараа хүн бүрийн аж амьдралд хамаатай хууль. Монгол Улстай ижил гараанаас гарсан улстай харьцуулахад улсын болон хүн амын хөгжил, амьдралын чанар хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна. Энэхүү томоохон өөрчлөлтийг авчрах сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг боловсрууллаа. Тухайлбал, Засгийн газар хэт үрэлгэн, хөгжлийн бодлого чиглэлээ барьж чаддаггүй нь сонгуулийн мажоритар тогтолцооноос хамааралтай.
Тэгвэл өнөөдөр Засгийн газраас өргөн барьж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын гишүүдийн 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал аргаар сонгогддог болохыг тусгаснаараа онцлог.
Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсэж байсан. Үндсэн хуулийн цэцээс Засгийн газрын гишүүнээр ажиллах боломж УИХ-ын гишүүнд нээлттэй байх ёстой. Үүний хажуугаар УИХ Засгийн газарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Олон улсын жишгээс харахад парламентын гишүүний тоо бага байгаагаас уг асуудал үүсэж байгаа.
Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна. Энэхүү тогтолцоог дан ганц өнөөдөр яриагүй. Парламентын гишүүд хэт цөөн болохоор эрх мэдэл төвлөрдөг гэж олон улсад үздэг.
Тиймээс дунджаар 152-оос дээш парламентын гишүүнтэй байх чиг хандлагыг баримталж байна. Уг төслийг УИХ гурван удаа хэлэлцэнэ. Мөн иргэдтэй уулзаж, саналыг нь хүлээн авна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй