Элэгний өвчин, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны талаар АУ-ны доктор, профессор Н.Бира дараах зөвлөгөөг өглөө.
Элэг бол идэж буй бүх хоол хүнсний шим тэжээлийг задлах, боловсруулах, шимт бодисыг нь өөртөө хэрэгцээ болгох, бие организын бүхий л үйл ажиллагаанд оролцох эс бүрийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн. 20 гаруй үүрэг гүйцэтгэдэг энэ эрхтнийг бие организмын лаборатори гэж үздэг. Баруун хавирганы нуман доор, өрцний доор байрладаг бөгөөд зүүн, баруун дэлбэнгээс бүрддэг. 1200-1400 гр жинтэй ч асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцох, цөс, цөсний хүчил, давс, нөсөөний шүүрлийн үйл ажиллагаанд оролцох, билирүбин, эм, хорт бодис ялгаруулах, альбуми, цус бүлэгнэлтийн хүчин зүйлс нийлэгжүүлэх, витамин, нүүрс ус нөөцлөх, биеийг хоргүйжүүлэх зэрэг амин чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.
Элэг нь мэдрэлийн төгсгөлгүй эрхтэн. Тиймээс өвдөлт илэрдэггүй. Харин өвчний маш хожуу шатанд, элэгний эсийн үхжил болсон, идээт хуримтлал үүссэн тохиолдолд л өвдөлт өгдөг. Ийм учраас л өвчилснөө мэдэлгүй хүндрүүлдэг байх нь.
Элэгний өвчний үед хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь ядарч, сульдах. Амьдралын чухал хэрэгцээт шим тэжээлийн зургаан бодис боловсрохгүй, ялгарахгүй, синтезлэгдэхгүй, хүний бие организмд хэрэгцээ болж гарч чадахгүй байгаа учраас аажим аажмаар ядраад, бие сулраад байгаа юм. Хүмүүс “Ядраад байна. Витамин ууя, хэрэглэе, би ядаргаанд орчихсон байна” гээд байдаг. Шаардлагатай шимт бодис дутагдсаны улмаас хүн ядардаг. Ядрах, бие сулрах, ажлын бүтээмж буурах, нойр хүрэх зэрэг шинж илрэхээр мэдрэлийн ядаргаа гэж ойлгоод витамин л тариулчихъя гээд өөрийгөө оношлоод байна. Гэтэл яг ийм шинж тэмдэг илрээд байвал элгээ шинжлүүлэх хэрэгтэй. B, C вирус байх вий, элэг өвчилсөн байх вий гэж бодох ёстой. Үүн дээр анхаарлаа хандуулаарай.
Элэгний өвчлөлийн шалтгаан
Улс орон, үндэстэн бүхэнд элэгний өвчлөлийн өөр өөр голлох шалтгаан бий. Манай орны хувьд элэгний өвчлөлийн үндсэн гол шалтгаан нь элэгний вирус байна. Халдварын буюу вирусын шалтгаан дотроо хепатет А, В, С, Д вирус. Ялангуяа цусаар дамждаг В, С вирусын халдвар их болсон. Багажаар дамжих халдварыг бууруулах, цусны аюулгүй байдал дээр харьцангуй сайн болсон ч сүүлийн үеийн судалгаагаар, ахуйн шалтгаант буюу хувь хүний эрүүл мэндийн боловсролтой холбоотой цусаар дамжих халдвар их байна. Эдгээр вирусээс гадна
- Эмийн хордлого /Парацетамол, изониазид, антибиотик зэрэг эмийн зохисгүй хэрэглээ/
- Аутоиммунн буюу дархлааны шалтгаант
- Бадд-Киарын хамшинж
- Вильсоны өвчин, Гемохроматоз
- Хорууд-Дөрвөн хлорт нүүрстөрөгч, хүнд металлын давс, будагч бодис
- Архи /Эмийн хэрэглээтэй адил анхаарах ёстой/
- Цөсний хүүдийн замын эмгэг
- Цусны эргэлт зогсонгшил
- Бодисын солилцооны хамшинж /Таргалалт, Чихрийн шижин/
Элэгний өвчний үед илрэх шинж тэмдгүүд:
- Мэдрэл сульдлын шинж-Ядрах, сулрах, ажлын чадвар буурах
- Биж шинж-Хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, гэдэс хямрах
- Өвдөлт-Баруун хавирганы нуман доор өвдөх
- Шарлах шинж-Арьс салст шарлах, алга улайх
- Цусархагшлын шинж-Буйл, хамраас цус шүүрэх, арьсан дээр цусархаг тууралт гарах
- Үрэвслийн шинж-Халуурах, үе мөч өвдөх, хавдах
- Хөхших шинж-Эрэгтэйчүүдэд хөх томрох нь элэгний өвчний үед илэрдэг нэг шинж. Ялангуяа элэг идэвхтэй үрэвссэн, элэгний цирроз болсон тохиолдолд илүү өөх гарч ирдэг.
- Элэгний циррозийн үед /элэгний хатуурал/-Хэвлийд шингэн хурах, дэлүү томрох, улаан хоолой, ходоодны хураагуур судас өргөсөх, элэгний энцефалопати буюу мартамхай болох, ухаан самуурах, хэл ээдрэх, унтаарах шинж илэрдэг.
Эдгээр шинж тэмдэг илэрсэн л бол эмнэлэгт хандаж эмчид үзүүлэх хэрэгтэй.
Элэгний өвчнийг илрүүлэх шинжилгээ:
- Хепатитийн вирусын шинжилгээ
- Биохимийн шинжилгээ-Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт
- Цус бүлэгнэлтийн шинжилгээ
- Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
- Хэвлийн ЭХО
- Элэгний хавдрын маркер /AFP/
- Дархлааны шинжилгээ
- Хүндрэлийг илрүүлэх зорилгоор улаан хоолой, ходоодны дуран, хэвлийн тодосгогчтой компьютерийн шинжилгээ, элэгний эд судлалын шинжилгээ.
Эх сурвалж: ЭМЯ-Нэгдүгээрт эрүүл мэнд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй