ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Д.Амарбаясгалан “Өчигдрөөс эхлэн нийгэмд Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар явж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг.
Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Зарим улс төрийн намууд хоёр танхимтай парламентын хэлбэр рүү шилжих ёстойг ярьдаг. Мөн зарим улс төрийн намаас гишүүдийг тоог нэмж, тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг илэрхийлдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.
Би Үндсэн хууль судлаачидтай уулзаж мэдээлэл авлаа. Миний авсан мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн намууд, Үндсэн хууль судлаач нар бичсэн тохиолдол байдаг юм байна. Монгол Улсын Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархлыг гаргаагүй.
Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд баталчихгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ. Өнөөгийн хэрэгжиж буй Үндсэн хуулиар ч энэ асуудлыг тодорхой заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр бичих тухай ойлголтыг иргэдэд сайн ойлгуулах ёстой.
Нэмэлт өөрчлөлт гэдэг нь тодорхой цөөн тооны заалтыг өөрчлөх замаар өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гол зорилго оршдог. Шинэ Үндсэн хууль гэдэг нь одоогийн хэрэгжиж буй Үндсэн хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлтийг хийх болсон тохиолдолд шинэ Үндсэн хуулийг ярина гэдэг. Энэ утгаараа МАН-д, Ерөнхий сайдад улс төрийн намуудаас шинээр бичих эсвэл нэмэлт өөрчлөлт хий гэдэг шаардлага тавьдаг.
Энэ бүгдэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан болсон иргэдийн чуулганд байр сууриа илэрхийлсэн. Бусад улс төрийн арга хэмжээнд байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал, МАН Үндсэн хуульд асуудал байгаа гэж үзээд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх асуудалд олон нийтийн зүгээс Зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгад үндэслэн шийдвэрлэх боломжтой. Гагцхүү шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд хийж чадах уу үгүй юу нь ихээхэн эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль хийх тохиолдолд заалт бүрийг нь авч хэлэлцдэг. Богино хугацаанд хийх зүйл огтоос биш болохыг Үндсэн хууль судлалынхан тогтмол хэлж байгаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй