Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д 82 орны нийт 571 тамирчин өрсөлдсөн билээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 18 жүдоч хүч үзэж алт, мөнгө, хүрэл нийт гурван медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
Тодруулбал, “Ташкент-2022” ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар алт, 60 кг-ын жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн.
Ц.Цогтбаатар жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргалсан Монголын тав дахь жүдоч болсон бол Э.Ариунболд мөнгөн медаль хүртсэн дөрөв, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн 18 дахь тамирчин болсон юм.
Тус тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарт Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу батламж гардуулжээ.
Мөн медаль хүртсэн дээрх тамирчдыг Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Түүнчлэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчидтай чөлөөт уулзалт хийжээ.
Сонирхуулахад, Ц.Цогтбаатар “Ташкент-2022” ДАШТ-д түрүүлснээр жингийнхээ дэлхийн чансааг тэргүүлж, Э.Ариунболд жиндээ тав, Л.Энхрийлэн долоодугаар байрт эрэмбэлэгдэж эхэлжээ.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монгол Улсын баг тамирчид нийт 27 медаль хүртсэн бөгөөд анхлан медаль хүртсэн тамирчин О.Балжинням (Белград-1989) бол хамгийн олон медаль хүртсэн нь М.Уранцэцэг (1 алт, 1 мөнгө, 2 хүрэл) юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй