П.Сайнзориг: “Үндсэн хууль та бүхэнд давуу эрх олгоогүй”

2022-10-18 537 0

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг алиалагчид хэмээсэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр сошиал хуудастаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээсэн байв.

Тэгвэл өнөөдөр /2022.10.18/ хошин урлагийн жүжигчдийн төлөөлөл болох Б.Онон, Н.Ариунболд, Эрхэмбаяр нар түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардав.

Жүжигчин Б.Онон:

Хошин урлагийхныг алиа салбадай гэж доромжлохыг зөвшөөрөхгүй. Төрийн өндөр албан тушаалтан, нэг ёсондоо төр нь иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод сууж болохгүй. Шүүмж, доромжлол хоёр асар их ялгаатай. Төрийн хүн ямар үг хэлэхээ мэддэг байх ёстой. Төрийн албан тушаалтан хүн хүнийг эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулийг зөрчиж байна. Хошин урлагийнхан сонгуулиар ажилладаг л гэж байна. Үүнийгээ намынхаа дарга нартаа л хэлэх хэрэгтэй. Намайг Ерөнхийлөгчөөс шагнал авсан гэж байна, түүнийгээ Ерөнхийлөгчөөс асуу. Би тэр шагналыг авна гэж гуйгаагүй, гүйгээгүй. Хэрэв миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байна.

Жүжигчин Н.Ариунболд:

Үнэхээр алиа салбадай юм бол бид нарын диплом дээр жүжигчин биш “алиалагч” гээд бичих хэрэгтэй. Албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна. Хошин урлагийнхан өвчтэй, зовлонтой иргэдийнхээ эмчилгээнд зориулж хандивын олон тоглолтуудыг хийсээр ирсэн, хийх ч болно. Тэр тоглолтуудыг үзэж байгаа иргэд юу болох вэ. Гэмтэй хүн гэлбэлзэж, гэмгүй хүн жаргаж үздэг урлаг шүү дээ.

Жүжигчин Эрхэмбаяр:

Төр төлөөлсөн хүн нь ингэж ярьж болохгүй. Тэгвэл Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевизүүд бүх контентуудаа зогсоох хэрэгтэй.

Харин ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг  “Үндсэн хууль та бүхэнд давуу эрх олгоогүй. Бид хаа хаанаа хүний эрхийн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Урлагийнхны нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар дахин бодож үзээсэй гэж хүсэж байна. Миний бичсэн пост дээр хэн нэгнийг нэр зааж доромжилсон зүйл байхгүй. Хэмжээнээсээ хэтэрсэн үйлдлүүд нийгэмд байх ёстой, байдаг зүйл мэт сэтгэгдлийг төрүүлж байна. Хэн нэгнийгээ ялгаварлан гадуурхахад хүргэж байна гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02