НӨАТ-ын сугалааны шинэчилсэн тохирол аравдугаар сарын 12-ны 13:00 цагт Улсын Их Дэлгүүрийн танхимд явагдана. Энэ удаагийн тохирлыг есдүгээр 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.
Зургаан сар завсарласны дараа шинэчлэгдсэн хувилбараар явагдах шууд тохирлыг хэрхэн зохион байгуулах журам батлагджээ.
Журамд зааснаар тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм.
Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3 орон таарвал 60,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 4 орон таарвал 100,000 төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 5 орон таарвал 500,000 төгрөг
- 1-10 баримт бүртгүүлээд 6 орон таарвал 5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 7 орон таарвал 10,000,000 төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 8 орон таарвал 30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.
Азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй аж. Өөрөөр хэлбэл, QR кодтой баримтаа eBarimt системд бүртгүүлсэн бол хадгалах шаардлагагүй болжээ.
Сугалааны сүүлийн 3-7 орон тохирч азтан болсон бол eBarimt апплэйкшны хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.
Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журамтай байна.
Өнөөдрийн байдлаар есдүгээр сард худалдан авалт хийгдсэн 35,662,568 төлбөрийн баримт ebarimt системд бүртгэгджээ.
СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ЯВУУЛАХ ЖУРАМ
Мөн баасан гаригт Татварын Ерөнхий Газраас НӨАТ-ын сугалааг хэрхэн зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл өгнө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй