Д.Сарангэрэл хамгийн богино хугацаанд ажилласан сайд болж байна

2022-09-27 515 0

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр өнөөдөр огцрохоор болов

Засгийн газрын бүтцийг шинэчилж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг А.Ариунзаяагийн оронд энэ оны наймдугаар сарын 29-нд томилсон. Гэвч тэрбээр ийнхүү нэг сар ч бололгүй огцрохоор болж, хамгийн богино хугацаанд ажилласан сайдаар нэрлэгдэж байна. Тэрбээр өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан бөгөөд ажиллах үедээ мөн ёс зүйгүй үг хэллэг ашиглан, олон нийтийн дургүйцлийг хүргэж байв. 

Өмнө нь ямар нэгэн алдаа гаргасны улмаас хариуцлага тооцож огцруулсан болон ажлаас нь  чөлөөлсөн сайд нараас дурдвал: 

  • БОАЖ-ын сайд Д.Уртнасан 2021 оны нэгдүгээр сарын 29-нд сайдын ажлаа хүлээн авч байсан бол 2022 оны нэгдүгээр сарын 17-нд чөлөөлсөн юм. Тэрбээр агаарын бохирдол нэмэгдэж байгаа шалтгаан нь иргэд шахмал түлш ихээр түлж байгаа явдал хэмээн мэдэгдэж, олон нийтийн бухимдлыг үүсгэснээс ийнхүү жил орчим ажиллаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.
  • У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор хариуцлага тооцож, мөн огцруулж, ажлаас нь чөлөөлсөн байдаг.
  • Тухайн үеийн Засгийн газар буюу 2020 оны долдугаар сарын 8-нд Я.Содбаатарыг Шадар сайдаар томилж байв. Гэвч КОВИД-19-ийн үед жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ хүний эрх зөрчсөн гэсэн олон нийтийн шүүмжлэлээс үүдэн тэрбээр огцрохоо 2021 оны нэгдүгээр сарын 20-нд мэдэгдэж, улмаар Засгийн газар бүхэлдээ огцорч байв. 
  • Ц.Цогзолмааг 2017 оны аравдугаар сарын 19-нд томилогдоод 2019 оны хоёрдугаар сард огцорсон бол Я.Содбаатар 2018 оны аравдугаар сарын 5-нд томилогдоод мөн 2019 оны хоёрдугаар сард чөлөөлөгдөж байв. 
  • ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг мөн огцруулж байв. Энэ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой хариуцлага тооцсон бөгөөд тэрбээр 2017 оны аравдугаар сарын 19-нөөс 2018 оны аравдугаар сарын 31-н хүртэл нэг жилийн хугацаанд ажиллажээ.
  • Мөн тус Засгийн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар 2017 оны аравдугаар сард томилогдсон Ж.Бат-Эрдэнийг 2018 оны аравдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус яамны зарим удирдах албан тушаалтан ажлын байрандаа архидан согтуурсны улмаас нэгнийхээ амь насыг хохироосон тул тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв. 
  • 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн, БСШУ-ны сайд Ж.Батсуурийг огцруулж байв. 
  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан ч шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, улсын шалгалтыг дахин авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор хариуцлага тооцож, БСШУ-ны сайдаар 2016 оны зургаадугаар сарын 23-нд томилогдсон Ж.Батсуурийг 2017 оны тавдугаар сарын 31-нд огцруулсан юм. 

Эндээс харвал Д.Сарангэрэл нь гурван удаа сайдын албан тушаал хашсан ч ёс зүйн алдаанаас болж хамгийн богино хугацаанд ажиллаад огцорсон сайд болж байна. 

Эх сурвалж: Ikon.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Тогтохсүрэн: Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг МАН-ын бүлэг бүрэн дэмжихээр болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн м

2024-03-25

Тэтгэвэр, тэтгэмжийг 50-100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг

2024-03-20

Даян аварга Н.Батсуурь “Наурызын баяр”-ын бөхийн барилдааны түрүүг авлаа

"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн

2024-03-19