Халзан толгой, толгой дээрх шивээсээрээ имидж хийсэн түүнийг тун өрөвчхөн сэтгэлтэй хэмээдэг юм билээ. Тэр бас их шүтлэгтэй. Залбирч шүтэж явдаг өөрийн гэсэн бурхантай тэрээр хоёр ч удаа бурхантай тааралдсан хэмээн хууч дэлгэх нь бий.
12 настайдаа хог ачдаг машинд хөлөө няцлуулан гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргүүлсэн түүний хөлийг эмч нар тайрах болоход хагас дутуу ухаан орсон Дээгий “Эмч ээ, би доороо хэлгүй дүүтэй. Намайг хөлгүй болчих юм бол аав ээж маань бүр ч их зовно. Би бөх болох гэж байгаа учраас хөлийг минь битгий тайраарай” гээд эргээд ухаан алдсан гэдэг. Энэ үгийг сонссон эмч шоконд орох нь холгүй юм болж “Ямар ч байсан би энэ хүүг хөлтэй нь үлдээнэ” гээд бяцарсан хөлийг нь буцааж залгасан гэх юм билээ.
Зургаан цагийн турш хагалгааны ширээн дээр байж, бүтэн жилийн турш эмнэлэгт хэвтсэн тэрээр итгэл алдралгүй хичээснээр хөлтэйгээ үлдэж бөх болоогүй ч өнөөдөр тайзнаа заларч Монгол түмнээ баясгаж явна. Самбо жүдогоор барилдаж, улсын аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан Дээгий спортын дэд мастер цолтой. Тэр бас “Мister Dogs” хамтлагийн таван жилийн ойн тоглолтын үеэр түрээсээ төлөхгүй бол тоглолтыг чинь цуцална гэж айлгасан циркийнхэнд огт зүс танихгүй биллъяард цохиж байсан эрхмээс 500 мянган төгрөгийн тусламж авснаа бурханы хишиг гэж бодож явдаг гэдэг.
Ингэж бурхантай хоёр ч удаа уулзсан гэх Дэлгэрмөрөн бурханд төрсөн дүүгээ хэлд ороосой, хүн төрөлхтөн эх дэлхийгээ чин сэтгэлээсээ хайрлаасай, энэ дэлхийн бүх хүн амар тайван нэг нэгнээ хайрлаж амьдраасай хэмээн наминчлан залбирдаг гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй