Олимпийн таван удаагийн аварга ЗОДОГ ТАЙЛЛАА

2022-09-08 840 0

Америкийн төдийгүй дэлхийн спортын түүхэнд өөрийн нэрээ тодоор бичиж, хоёр арваныг эзэгнэн байсан бүсгүйчүүд их спортоо орхин, зодог тайлсан намар болж байна.

Өнгөрсөн долдугаар сард болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий дараа домогт ойрын зайн гүйгч Аллисон Феликс хадаастай гутлаа хананд өлгөхөөр шийдсэн. Олимпийн 7 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт, Дэлхийн АШТ-ий 14 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт , ирэх 11 дүгээр сард 37 нас хүрэх гайхамшигт Аллисон Феликсийн хамгийн сүүлчийн медаль нь дэлхийн АШТ-ий алт байсан нь бахархмаар. Аваргаараа, дийлдэшгүй хэвээрээ зодог тайлах тамирчин бас л цөөн дөө.

Мөн хэдхэн хоногийн өмнө теннисний домог, Олимпийн дөрвөн алтан медальт, “Их дуулга” цувралын 23 удаагийн аварга Серена Уильямс 41 насныхаа босгон дээр теннисний цохиураа цүнхэнд нь хийж, хоёр дахь гэр болсон кортоо орхисон билээ.

Тэгвэл өчигдөр болсон эмэгтэйчүүдийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ( WNBA буюу Women’s National Basketball Association) лигийн 2022 оны плей-оффын Баруун бүсийн аваргын төлөөх цувралын дараагаар “Сиэтл шторм” багийн тоглогч алдарт Сью Бёрд их спортоо орхиж буйгаа зарлалаа.

Ирэх аравдугаар сард 42 нас хүрэх Сью Бёрд Олимпийн таван удаагийн аварга ( 2004, 2008, 2012, 2016, 2020), дэлхийн аваргын дөрвөн алт (2002,2010,2014,2018), нэг хүрэл (2006) медальтай, WNBA-ийн дөрвөн удаагийн аварга, “Бүх оддын” тоглолтод 13 удаа оролцсон дэлхийн шилдэг эмэгтэй сагсанбөмбөгчийн нэг юм.

Сью Бёрд өнгөрсөн жил “Токио-2020” зуны олимпийн наадамд АНУ-ын баг тамирчдын тугчаар сонгогдож байлаа.20 жил “Сиэтл шторм” багтаа тасралтгүй хүчин зүтгэж, таван олимп дараалан алтан медаль хүртсэн Сью Бёрд тамирчны гайхамшигт замналаа ийн өндөрлөлөө. Баярлалаа, Сюзанна Брижит “Сью” Бёрд чамд!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22