
Эхлээд танд нэгэн болсон явдлыг сийрүүлэн хүргэе. Найман настай хүүхдүүдэд багш нь “Миний аав баатар” сэдвээр зохион бичлэг хийх даалгавар өгчээ.
Гэтэл нэгэн хүү “Миний аав баатар. Яагаад гэвэл ээжийг тэнгэр авахаас аварсан. Аав зоригтой байгаагүй бол ээж үхэх байсан. Энэ явдал өнгөрсөн 7 хоногт болсон. Би унтлагын өрөөнөөс ээжийн “бурхан минь би очлоо очлоо” гэж хашгирахыг сонссон. Ээжийгээ үхэх нь гэдгээс би маш их айсан. Намайг унтлагын өрөө рүү гүйж очиход ээжийн 2 хөл нь дээшээ гозойсон байсан. Бурхан хөлнөөс нь татаад дээшээ авч явах гээд байсан. Харин аав ээжийн дээр гараад доош дараад л байсан. Тэгээд бурхан ээжийг орхитол дарсан“ гэж бичжээ. Харин багш нь “Эцэг эхтэй чинь ярилцах хэрэгтэй юм байна” гэсэн тэмдэглэл хийжээ.
Инээдтэй мэт санагдах ч хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хийж буй үйлдэл, хэлж буй үг хамгийн чухал нөлөөтэй. Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох гэсэн утгатай. Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь амьдралын бүхий л үйл ажиллагаагаар олж авсан мэдлэг, чадвар, дадал, амьдралын туршлага, ерөнхий соёлын бүрэлдэхүүнээс бүрддэг.
Сонирхолтой нь хүүхдийн хүмүүжлийн 70-80 хувь нь 3 нас хүрэхээс өмнө төлөвшдөг.
Хүүхэд өөрийн гэнэн цагаан өртөнцөөр дамжуулан хүрээлэн буй орчин болон бусад зүйлсийн талаар сурч өдөр бүр шинэ зүйлстэй танилцаж байдаг. Тиймээс хүүхдийг зөв төлөвшүүлэхэд эцэг эх болон олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй.
Хүүхдийн төлөвшилд нөлөөлөх хүчин зүйлсийг байгалийн болон нийгмийн гэж 2 ангилан үздэг. Хүүхэд байгалийн бүтээгдэхүүн болохын хувьд байгалийн шалгарлыг туулах дээд зэргийн хөгжилтэй уураг тархи, мэдрэлийн систем бүхий амьд бодгал юм. Харин нийгмийн бүтээгдэхүүн болохын хувьд түүний хөгжилд хүрээлэн буй байгаль болон нийгмийн орчин нэгэн чухал нөлөөг үзүүлдэг. Тиймээс амьдарч буй орчин тойрноосоо эхлээд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хүрээлэл ямар байхыг тооцоолж байх хэрэгтэй. Хүүхэд хүрээлэн буй газраасаа сайн болон муу үлгэр дууриал авч байдаг. Таны хүүхэд дараах ааш занг гаргаж байвал та түүний хүмүүжилд илүүтэй анхаарахад гэмгүй.
Үүнд: ажил хөдөлмөрөөс зайлсхийх, ууртай уцаарламтгай болох, залхуу хойрго байх, компьютер хэт их тоглох, эсвэл гадуур их явах, бусдыг хэл амаар доромжлох, эцэг эх, багш нарынхаа тавьсан шаардлагагыг биелүүлэхгүй байх зэрэг доголдол илэрвэл та түүний хүмүүжилд нэн түрүүнд анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь хүүхэд бусдын нөлөөнд түргэн автах магадлалтай байдаг тул бусад хүмүүс болон хүрээлэн буй орчин тойрноосоо муу үлгэр дууриал авч зан ааш нь эвдэрч байж болзошгүй. Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд нийгмийн хямрал болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөлөөлж байдгийг мартаж болохгүй. Тиймээс шаардлагатай арга хэмжээг авч, зөв хүмүүжил олгож, зөв хүн болон төлөвшихөд нь туслаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй