Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ
- Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах,
- Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих,
- Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил,
- Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч буй.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.
Цахим санал асуулгыг 2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд авна.
2022.05.20-ны өдрийн 11:00 цагийн байдлаар санал асуулгын явцаас танилцуулбал:
-Цагдаагийн алба хаагчийн уулзварт хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг зогсоож, гэрлэн дохиогоор замын хөдөлгөөн зохицуулахыг та дэмжиж байна уу? гэсэн асуултад нийт 3219 иргэн саналаа өгснөөс 81.1 хувь нь дэмжжээ.
-Улаанбаатар хотод ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдийн оргил /07:00-11:00, 17:00-21:00/ цагуудад замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна уу? гэсэн асуултад нийт 11903 иргэн саналаа өгснөөс 51.1 хувь нь дэмжжээ.
-Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу хэсэгт байрлах гудамж, замын 1-р эгнээг хааж зогссон тээврийн хэрэгслийн ачилтын төлбөрийг 60,000 төгрөгөөс 100,000 төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу? гэсэн асуултад нийт 2912 иргэн саналаа өгснөөс 50.1 хувь нь дэмжээгүй байна.
-Монгол Улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцыг хүлээн зөвшөөрч, 1997 онд нэгдэн орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулдаг. Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хэдэн оноос хойш зорчихыг хориглохыг дэмжиж байна вэ? гэсэн асуултад санал өгсөн иргэдийн 71.4 хувь нь 2032 оноос хойш хориглох нь зөв гэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй