“Богдын хатан”-ы бодит амьдрал

2022-02-17 828 0

“Гарьд магнай”, “Хааны сүүлчийн хатан” киноны Богдын хатны дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон Т.Чойжилсүрэн гуай 47 настай байхдаа эл түүхэн дүрийг амилуулж байсан гэдэг.

Анх хөгжим бүжгийн сургуулийн дуулаачийн ангид сурч байхдаа Ванган, Сэдэд, Цэгмид гээд тэр үеийн мундагуудын нүдэнд өр­төж, Ванган багшийнхаа санал болгос­ноор Ховдын театраас ажил амьдралынхаа гарааг эхэлж байжээ. 20-хон настай жаахан охин очсон даруйдаа л “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд тоглон уран бүтээлийнхээ анхны шанг татжээ.

Сайны хажуугаар саар гэж түүний хувийн амьдрал бас л амар хялбар байсангүй. Ааш ихтэй, хатуу хүтүү үгтэй хадам ээжийнхээ арга эвийг олох гэж хэрдээ л зүдэрдэг байсан гэх юм билээ. “Хэлсэн үг болгон нь гол зурах шиг болдог, их ч гомддог байсан. Удалгүй хүүтэй болж амьдрах урам зориг төрж билээ” хэмээн тэрээр энэ тухайгаа дурссан нь бий.
“Энэ наадмыг үзэхгүй ээ“ хэмээн ширэв татдаг ихэмсэг хатны хувийн амьдралын даваа үүгээр дууссангүй. Нэгэн биеэрээ холын нутгийг зорьж байсан тэрээр 10 гаруй жилийн дараа Улсынхаа нийслэлд ирэхдээ ам бүл тавуулаа болсон байв.

Мэргэжил дээшлүүлэх сургалтад ирсэн эр нөхөр нь авааль эхнэр, гурван хүүхдээ орхин залуухан бүсгүйг дагаж одсоноор “Богдын хатан“ гадаа гарч эр, гэрт орж эм гэгчээр амьдралаа авч явах гэж хэрдээ л зүдэрсэн гэдэг юм.

Гэсэн ч бурхан түүнд сайн хань заяасан тухай тэрээр “Хүнийг хөгшин гэхгүй, хүүхэдтэй гэлгүй хайрлах хүн байдаг л юм билээ. Би театрынхаа зураач залуутай танилцаж бид хоёр бие биенээ хайрлан хамтран амьдрах болсон. Тэр маань бас л зовлон амссан ухаантай хүн байсан. Ганц охинтойгоо амьдардаг байсан юм. Удалгүй бид хоёр бага охиноо гаргасан. Нөхөр маань Драм, Дуурь, Хүүхэлдэйн театрын бүхий л зургийг зурж гүйцэтгэдэг байлаа. Ханьдаа халамжтай, үр хүүхэддээ ачтай тустай хамт олондоо нэр хүндтэй, тусархуу хүн байсан. Зовж явахад нөхрийн чанар танигддагтай адил бид хэдийг зовж зүдэрч, ганцаардаж явахад минь тусалж дэмжиж, хайрласанд нь үнэхээрийн их баярлаж явдаг юм” хэмээн дурсан ярьсан нь бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07