Хэдхэн хоногийн өмнө Дархан-уул аймгийн иргэн, тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албаны дарга эмэгтэй хоёрын дунд өрнөсөн маргаан нийгмийн сүлжээнд багагүй дуулиан тарив. Хоёр хүний хоорондын маргаан мэт харагдах энэ үйл явдал төрийн албан хаагчдыг харилцаа хандлагатаа анхаарах, ёс зүйтэй байх, иргэдийг хууль дүрмээ чанд мөрдөх, хэвлэл мэдээллийн байгууллагыг мэдээллийг сайтар нягтлах шаардлагтайг харуулсан “сургамж” байлаа. Бид иргэн О.Эрэндэрэгтэй цөөн хором ярилцлаа.
-Өдрийн мэнд. Таны бизнес амжилттай юу, борлуулалт хэр байна?
-Өдрийн мэнд. Борлуулалтаа дийлэхгүй шахам л байна. Саяын үйл явдал надад давуу тал боллоо л доо. Маш том, үнэгүй сурталчилгаа боллоо. Утас зогсоо зайгүй дуугарч, цэнэг нь дуусаад эрэлт ихтэй байна. Утасны цэнэг дуусчихаар зарим найз маань “Их зантай болчихож” гэж шоглоод, олны анхааралд их өртөж байна.
-Та хэдэн жил наймаа эрхэлж байгаа вэ?
-Би Увс аймгийн Тариалан сумд төрсөн. 1995 оноос хойш Дарханд амьдарч байна. Анх удаа л бизнес хийж үзэж байна. Сэлэнгийн дөрвөн замын төлбөр хураах цэг дээр төлбөр хураагчаар ажилладаг. Авсан цалин амьдралд маань хүрэхгүй байна. Тэгээд л наймаа хийж үзэж байгаа маань энэ. Ээлжийн амралтаа аваад саяхан нутагтаа очоод ирсэн. Ирэхдээ найзууддаа чацаргана, арвайн гурил гээд нутгийн брэндээ бэлэглэсэн юм. Тэгсэн чинь “Ямар гоё амттай юм бэ. Авчраад зарвал шажигнана даа” гэхээр нь авчраад зарсан. Бизнес амжилттай явагдаж байгаа болохоор баяртай байна. Дархан сумын Иргэдийн хурлын нарийн бичиг Болдбаатар гэж нутгийн ах маань ажлынхаа гадна дуудаад зөндөө олон бүтээгдэхүүн авч бизнесийг маань дэмжсэн. Баярлахаар зүйл олон тохиож байна. Зах дээр зогсох шаардлагагүй болсон. Хүмүүс ирж бүтээгдэхүүн авахдаа зургаа авхуулаад түүнийгээ фэйсбүүктээ тавьчихаж байна, тэр нь надад сурталчилгаа болж байна.
-Энэ үйл явдал төрийн байгууллагыг, тэр дундаа тухайн үйл явдалд ямар ч оролцоогүй байсан мэргэжлийн хяналтыг буруутай мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн…?
-Үнэндээ би ийм үр дагаварт хүрнэ гэж бодоогүй. Ямар нэг сенсаци надад хэрэггүй. Тэр хүн мэргэжлийн хяналтын хүн биш байсан шүү хүмүүсээ гэдгийг тодотгоод өгөөрэй. Тэр ногоон курткатай эмэгтэй хөдөө аж ахуйн газарт ажилладаг дарга юм билээ.
Миний боовыг хугалж хаячихаад төлөхгүй болохоор нь уур хүрээд телевиз дуудчихсан юм. Танай телевиз төлбөртэй юу гэхэд “төлбөргүй” гэхээр нь яриа өгье гээд л дуудчихсан. Би өөрийнхөө фэйсбүүкт “Увсын брэнд зарж байна” гээд биччихдэг байсан. Тэгээд намайг урихаар нь “Залуучууд” театрт болж байгаа үзэсгэлэн худалдаанд очсон байхгүй юу. Мушгиа боов, халтар арвайн гурил, сүү, чацаргана гээд нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнтэй очсон. Хүмүүс үймээд байж байтал ногоон курткатай хүн ирээд “Боов зарж болохгүй” гэхээр нь за гээд хураах гэтэл хүмүүс авна гээд булаацалдаад байсан. Гэтэл нөгөө хүүхэн чинь ирээд өшиглөчихсөн, миний боовыг. Гүрмэл боорцгийг маань өшиглөчихсөн чинь тэнд байсан хүмүүс нөгөө хүүхэн рүү дайраад, цагдаа ирж арайхийж салгасан л даа. Сүү, цагаан идээ, мах л зарах ёстой. Хөдөө аж ахуйгаас зохион байгуулж байгаа ажил гэж хэлсэн.
Тэгэхээр нь би “Миний буруу юм байна. Гэхдээ харьцаанаас харьцаа үүснэ. Та тэгвэл яах гэж өшиглөж байгаа юм. Энэ боовоо төл” гэж хэлсэн. Нөгөө хүн би өшиглөөгүй гэсэн. Тэгээд миний харилцдаг Улаанбаатарт байдаг үйлдвэр рүү “Мэргэжлийн хяналтаас ярьж байна. Танай энэ хүн зөвшөөрөлгүй газар юм зарж байгаа учир торгоно” гээд ярьчихсан байгаа юм. Хотын үйлдвэрээс миний бүтээгдэхүүнийг явуулахаа больсон. Ачааллаа дийлэхгүй байхад авч яваад хэл ам гаргалаа гэхээр нь тэр ярьсан мэргэжлийн хяналтын хүнийхээ дугаарыг өгөөч гэсэн чинь нөгөө хүүхний дугаар байдаг байгаа.
Би “Наад хүн чинь мэргэжлийн хяналтын хүн биш ээ” гэж хэлсэн. Хөдөө аж ахуйн газрын дарга нь гээд хүн ирээд уучлалт гуйсан л даа, надаас. Би ч төрийн албан хаагчдаас, тэр дундаа Мэргэжлийн хяналтынхнаас уучлал гуйсан. Ийм л юм болсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй