Б.Болорцэрэн: ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ…

2021-12-25 1116 0

Эгшиглэнт эхийн хишигт найрагчаар бүсгүй найрагч тодров. Яруу найрагч Б.Болорцэрэн нэгийн даваанд “Чөлөө учрал”, хоёрын даваанд “Хаврын дэлхий”, гурвын даваанд “Мөрөнгийн төв”, оноо тэнцсэн дөрвийн даваанд “Шүлэг бичихгүй л бол” шүлгээ уншиж эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон юм.

Сүүлийн даваанд уншсан шүлгээ тэрээр ээжийнхээ өөд болсон өдрийн ой буюу “Болор цом” наадмаас хоёрхон хоногийн өмнө тэрлэсэн аж.

ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ…

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдна

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх…ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрснөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдагийг мэдэх үү

Надад шүлэг авчирахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10

Морин хуурын найрал хөгжим Ромд анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд

2025-12-05