Олон хэмжүүрт зүйлийг нэг хэмжүүрт хийх нь хагарал юм

2020-10-06 713 0

Гэрэл зургийг mymongolia.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, төрийн дээд одон медаль, шагнал гардуулав. Шагнагдагсдын дунд урлаг, соёлын цөөнгүй алдартнууд багтжээ. Хошин урлагийн мастеруудаас Ж.Мөнхсайхан, Н.Онон, нийтийн дууны алдартнуудын нэг Т.Батсайхан гэх мэтчилэн…

Ж.Мөнхсайхан, Н.Онон нарт гавьяат өгөх тухай мэдээ өнгөрсөн баасан гарагт анх нийтлэгдсэн. Тэр хэмжээгээр энэ шагналыг хүлээж байсан хүмүүс байсан гэсэн үг. Харин шагнал гардуулсны дараа ер нь хошин урлаг “байх, байхгүй” түвшний шүүмжлэл соошл хэрэглэгч нарын дунд өрнөв.

Тодруулбал, шинэхэн гавьяат Н.Онон шагналаа аваад төрийн ордноос гарч ирэхдээ Чингисийн хөшөөний өмнө биеэ “хэтэрхий чөлөөтэй” авч явсан зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа.

Магадгүй мань хүн “Гэгээн Муза”-гийн тайзан дээр иймэрхүү хөдөлгөөн, сэтгэл хөдлөл үзүүлсэн бол хэн ч, юу ч гэхгүй л байсан байх. Гэтэл төрийн одон медаль, ёслол хүндэтгэл гэдэг арай ондоо зүйл. /Шагналыг Ерөнхийлөгч Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд гардуулсан/

Үүнээс болоод нийгмийн сүлжээ ашиглагчдын хамаг “гал” шинэхэн гавьяатууд дээр буув. Хошин урлаг гэж ер нь юу юм, хүн элэглэхээс цаашгүй. Элэглэх гээд доромжлох нь элбэг болчихсон, царайны дефектээрээ хоолоо олж иддэг бүдүүлэг юмнууд… бла бла. Ялангуяа Н.Онон гавьяатын гаргасан эмоци /Эмоци продакшн биш шүү/ өнгөрсөн 20-30 жилийнх нь “карьер”-ийг ч үгүй хийх хэмжээнд хүрэв. Хажууд нь дээлээ өмсөөд инээмсэглэж зогсоо Ж.Мөнхсайхан зүгээр бурхан…

Энэ хоёрын дүйвээнээр нь нийтийн дууны од Т.Батсайхан ч бас хоморгонд нь явчихаа шахлаа. “Тэгж ярих юм бол наад хоёр чинь хийсэн бүтээсэнтэй улс. Т.Батсайханд харин юу хийсэн” энэ тэр…

Уг нь бол аль аль нь хийсэн бүтээсэн зүйлтэй, салбар салбартаа гавьяа зүтгэлтэй л хүмүүс. Х-ТҮЦ гэхэд драмын хэд хэдэн том бүтээл /“Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг” гэх мэт/ хийчихсэн, “Маск” продакшн үзэгчдэд хүрсэн нэлээд хэдэн кинотой. Аль аль нь “хүн инээлгэдэг” төдий үнэлэгдэхээр уран бүтээлчид биш л дээ. Яс юман дээр хүн инээлгэх ч бас л урлаг. Уйлуулахаас инээлгэх нь хэцүү гэдэг байх аа.

Гэвч бүр ерээд онд хошин урлаг цэцэглэж эхлэхээс аваад л үгүйсгэж, драмын урлаг, сонгодог урлагийг л жинхэнэ “урлаг” хэмээн хүлээн зөвшөөрдөг, хүнд хэцүү цагт театрын суудлыг эзгүйрүүлчихгүй явж ирсэн үнэнч үзэгчид ч бас бий.

Тэгээд ч массын /бүх нийтийн/ урлаг, сонгодог урлаг гэдэг тэс ондоо, хоёр өөр түвшний зүйл. Мөнхсайхан, Онон хоёрын бүх тоглолтыг үзсэн үзэгчээс “Кармен”-д хэн тоглосон бэ? гээд асуувал мэдэхгүй төдийгүй огт сонирхохгүй. Тиймээс тэд өөр өөрсдийн тайзан дээр шилдгүүдээ тодруулдаг. Өөр өөрийнх нь үзэгчид л тэднийг үнэлж, дүгнэдэг. Тиймээс л ийм ялгаатай уран бүтээлчид, урлагийн өөр өөр салбарыг нэг тогоонд хийж шүүрдэх, тэр тусмаа төр үүнийг үнэлж цэгнээд гавьяа шагнал олгох нь угаасаа боломжгүй юм.

Олон жилийн өмнөөс ярьж, бичиж байгаа даа. Төрөөс олгодог гавьяа шагналыг зөвхөн тангараг өргөсөн тусгай албан хаагчдад, цэрэг, цагдаа, онцгойгийнхондоо л өгч байгаач ээ. Урлаг гэдэг бол огт өөр шүүлтүүртэй, өөр өөр үнэлэмжтэй салбар шүү гэж.

Тэгээд ч өөрөө өөрийнхөө төлөө чөлөөт хөдөлмөр эрхлээд, зах зээлийн жамаар амьдралаа аваад явж байгаа хүмүүсийг төр ямар “гавьяаны” улмаас шагнаж, одон тэмдэг зүүж өгөөд байгаа хэрэг вэ? Социализмын үед бол өөр хэрэг. Жинхэнээсээ урлаг бол тухайн нийгэм, цаг үеэ магтан дуулах, ухуулан сэрхрүүлэх “үзэл суртлын” бас нэг зэвсэг байсных нь хувьд гавьяа шагнал өгдөг байсан байх.

Хоёрдугаарт, социализмын үед хүний авьяас билэг, ур чадварт нь тохирсон цалин, орлого байгаагүй, бүгдийг нь тэгшитгэчихдэг /хоосон хонуулахгүй, хоёр идүүлэхгүй/ байсан учраас одон медаль, гавьяа шагналаар нь хэмждэг байсан байх.

Харин өнөөдөр бол өөр. Урлагийн үнэ ханш, уран бүтээлчдийн чадварыг зах зээл нь өөрөө үнэлчихдэг болсон. Тиймээс төр үүнд оролцож, үзэгч, уран бүтээлч хоёрыг хагаралдуулах хэрэггүй юм. Олон хэмжүүрт зүйлийг нэг хэмжүүрт оруулчихаар л хагарал үүсдэг.

Урлаг, соёл нь оргилдоо хүртэл хөгжсөн улс орнуудыг аваад үз. Тэнд манайх шиг ардын жүжигчин, гавьяат жүжигчин, СТА гэдэг цол тэмдэг олгож, тэгж өргөмлөгдсөн одууд байна уу? “Грэмми”-ийн тэдэн удаагийн шагналт, Оскарын тэдэн оны шагналт л гэж явж цоллож байгаа биз дээ. Тэр шагналаар уран бүтээлчдийн нэр хүнд, үнэ ханш хэмжигддэг. Яагаад гэвэл тэр шагналын төлөө бүх нийтээр санал өгдөг учраас тэр. Түүнээс биш сонгууль дөхөөд ирэхээр хэдэн хүнд шагнал өгчихөөд араас нь “Би чамд гавьяат өгсөн биз дээ” гээд хөмхийгөө зуугаад байдаг ёсон манайхаас өөр хаана ч байхгүй. Лав соёлжсон ертөнцөд байхгүй.

Б.СЭМҮҮН  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Э.Оюунболдын Улсын аварга цолоо эгүүлэн авах гэсэн гомдлыг УДШ хүлээн авсангүй

Үндэсний Их баяр наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан тарих болсоор даруй 20 гаруй оныг үдэж бай

2024-04-22

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилчдын хүүхдийг гадаадад төлбөргүй сургана

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ

2024-04-22

Х.Тамир: Их, дээд сургуульд элсэх босго оноо өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байна

Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол,

2024-04-18