Д.Сарангэрэл: Энэ удаа гайгүй өнгөрсөн ч олон дахин аз таарах нь юу л бол…

2020-04-05 977 1

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэдхэн хормын өмнө өөрийн нүүр номдоо коронавирусийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага болон Япон улсаас уг өвчинд өндөр үр дүн бүхий “Авиган” эмийг авчирч байгаа талаар бичжээ. Түүний бичсэнийг эхээр нь хүргэе.

Амралтын өдрийн мэнд хүргэе Та бүхэндээ. “Корона”-тай амьдарч буй өдрүүд үргэлжилсээр. . . Дэлхийн 209 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянга шахам хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн уулга алдан, зүрх шимшрэн сонсож байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Гэхдээ эрдэмтэн мэргэд, судлаач ажиглагчдын үгийг үл тоож болохгүй. КОВИД-19 4-р сарын сүүл гэхэд дэлхийн бүх оронд тархана гэж хоёр сарын өмнө билүү Хонконгийн эрдэмтэн мэдэгдэхэд таамаг төдий гэсхийгээд орхисон. Бага сага хугацааны хоцрогдлыг эс тооцвол хэлснээр нь боллоо. Өвчлөх , эндэх хүний тооны талаар тэрхүү эрдэмтний тооцооллыг уншсан хүмүүс санаж буй биз. Хэлэх ч юм биш.

Бидний хувьд Коронаг гаднаас зөөвөрлөөд ирсэн 12 хүнтэй. 2 өвчтөн маань эдгэрч гараад 2 нэмэгдсэн. БНСУ-аас 4-р сарын 2-нд эх орондоо 250 гаруй хүн ирлээ. Солонгосоос суусан иргэд маань бүгд шинжилгээгээ өгч “сөрөг” гэсэн бичигтэй онгоцондоо суужээ. Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалж буй сэтгэл зүтгэл. КОВИД-ын шинж тэмдэгтэй эмэгтэй Лондон-Ханой чиглэлийн онгоцны олон зорчигчид халдвар тараасныг бид мэднэ. Сөүлийн онгоцноос транзит, эсвэл олон орноор зорчсон зэрэг сэжигтэй байж болох 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Энэ удаа гайгүй өнгөрсөн боловч олон дахин аз таарах нь юу л бол.

Транзитаар Америкаас ирлээ, Англиас мориллоо гэж томрох хэрэггүй л дээ. Нэгэн төрийн байгууллагын ажилтны Канадад сурдаг оюутан хүү онцгойгийнхоо шийдвэрийг дагаж Сөүлд өнжин шинжилгээ өгч, тийзний хоног хоцорсоны торгуулиа төлөөд ирсэн л байна. Онгоц дүүрэн хүнийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй.

Коронавирусын халдварын хамгийн хөнгөн хэлбэр 2 долоо хоногоос наашгүй гэдгийг манай докторууд хэдийнээ нотолсон. Хүнд нь 2 сар ч эмчлүүлэх төлөвтэй байна. Ц.Чинбаяр эмч зарим өвчтний уушгинд нэвчдэс шимэгдсэн авч фиброз буюу хатуурал үүсч байгаа тухай хэлж хожим сэргэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэдгийг мэдэгдлээ.

Энэ гайхалтай эмч багийн 7 гишүүний хамт хүнд өвчтнөө эмчилж үр дүнг нь харж байж харина, ар гэрээсээ виз авсан. Харин эмчилгээнд сая сая төгрөг орох юм байна шүү сайд минь гэж улсынхаа сан хөмрөгт давхар зовох. Ингэж ярилцахдаа ядарч байна уу гэж эмчээсээ асууж чадсангүй. Хоосон үг шиг санагдаад. Халуун хоол унд, жимс ногоо, амин дэмээр хангах үүрэг эмнэлгийн удирдлагад өгсөн л гэлээ. Болж байгаа, болж байгаа гээд даруухан инээмсэглэх хүнд үг илүүц аж. Бахархаж баярлаж, өрөвдөж хайрлаж өр өвдөнө. Өгч байгааг нь мэдэх ч дэмий л илүү цагийнх нь цалинг өгч байгаа биз гэж асуулаа. Сайхан таатай үг хэлэх гээд байгаа санаатай.

Харин улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа Коронагийн эсрэг “Авиган” эмийг Японоос авчирч буйг дуулгахад эмч маань хачин их баярласан шүү. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ л дээ. Үнэ өндөр шинэ брэнд эм.

Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг цаашид дахин нэмэгдүүлэх тооцоолол хийх үүргийг Засгийн тэргүүн хэдийнээ өгсөнийг дуулгая. Зарим нь ч энэ сургаар улс төр хийж шоудаад эхэлж. 2014 оноос хойш нэг ч удаа нэмээгүй эрүүл мэндийн ажилтны цалинг энэ засаг 2 удаа нэмж одоо дахин нэмэх тооцоо хийж байна. Өрхийнхөн маань 20 жилийн дараа тарифаа хоёр дахин нэмүүлчихсэн “додигор” байгаа. Тэгэхдээ л тэдний маань ачаалал их шүү. За энэ асуудлыг түр орхиж үндсэн санаагаа үргэлжлүүлье. Б.Дармаа доктортойгоо уулзлаа. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч. Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст 3 өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна. Мөн эмнэлгээс гарсаны дараа хоёр долоо хоног тусгаарлах байранд ажиглах журам манайд үйлчилж байна. Хятад, Япон зэрэг хэд хэдэн оронд эмнэлгээс гарсаны дараа эргэж өвдсөн бүр эндсэн сургамж бий. Лабораторийнхон маань 24 цагаар мянга мянган хүний шинжилгээ хийж хариу хэзээ гарна тэр дор нь мэдээлж, халдвар судлаачид маань хавьтлуудыг хаа байгаа газраас нь хамж цуглуулан ХӨСҮТ-д авчирч ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлж байна.

Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг юм байна.

Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Амны хаалт ч зүүдэг болж байх шиг байна тэд маань.

Нээрээ Дармаа доктороос яагаад Франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад 3-р сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан.

Бид төдийгөөс өдий хүртэл явж ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй. Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал, цусанд нь шингэсэн сахилга, зохион байгуулалт коронавирустэй тэмцэхэд хамгийн их тус дэм болж байна. Үүн дээр төр засаг, түмэн олны дэмжлэг, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, хүчин зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэхдээ тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Коронавирусын хоёр дахь давалгааны оргил үе нь 4-р сар, үргэлжлэл нь 5-р сар гэж олон улсад зарлаж байна.

Ингээд бодохоор их тулааны өмнөх нам гүм байдал ч мэт.

Бид бэлэн байдлаа хангасаар. . .Муу юм холуур өнгөрөг. Юутай ч бид Уханиас улбаатай эхний давалгааны ард амжилттай гарсан. Урьдчилан сэргийлж чадсан. Хориглон хамгаалсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа амжилттай эмчилж байна. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ 4 дэх сардаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүнд цаг үе ирвэл цагаан нөмрөгт баатрууд бүгд тулаанд орно. Одоо ч халдварын голомтод цаг наргүй “гэрээ мартсан гэсэр” мэт тэмцэж байна. Төр засаг маань тэднийхээ хөдөлмөр бүтээлийг цагийг нь олж үнэлж, урам зоригийг нь бадраагаасай гэж хүсч байна. Бодож төлөвлөж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Бидний хийж буй үйлдэл, хэлж буй үг болгон улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө билээ. Хамтын хүчээр КОРОНАВИРУСЫН аюулаас сэргийлье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • одоо хилээ хаа.онгоцоор зөөхөө боль.3 сая хүний төлөө 3000 хүн золиосонд явах дэлхийн дайны түүхэнд байдаг л асуудал

Холбоотой мэдээ

Томуугийн вакциныг өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн хийлгэж болохгүй

Маргааш буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аян оро

2020-09-30

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх сарын 1-10-нд зохион байгуулна

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс да

2020-09-25

Д.Нямхүү: Манай улсын тухайд эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байгаа

Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймг

2020-09-25