Хэд ч үзсэн уйдамгүй, үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн Монголын уран сайхны киноны нэг бол “Морьтой ч болоосой”. 1959 онд бүтээгдсэн тус киноны морьтон эр, чийчаантай бүсгүй хоёрын “Уралдах уу, уралдъя” гэх хэсэг үзэгчдийн сэтгэлд илүү тод үлдсэн. Морин дэл дээр өссөн нэгдлийн адуучин залуу Дондог залуу насныхаа гэнэн томоогүй, дэврүүн сэтгэлдээ хөтлөгдөн машинтай уралдаж морио багтрааснаар удирдлагаасаа зэмлэл хүртэн үхэрчин болдог.
Кино зохиолыг бичсэн Д.Гармаа гуай 20 нас ч хүрээгүй байхдаа бодит амьдралаас сэдэвлэн туурвисан гэх юм билээ. Тэрээр Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явжээ. Сум руу хичээлдээ морьтой явж байгаа бөөн хүүхэдтэй таарч. Гэтэл мөнөөх хүүхдүүд түүний машинтай гийнгоолж, хөөрцөглөн уралджээ. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр жолооч нь хаазаа нэмэн урд нь гарч, жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан гэдэг. “Морьтой ч болоосой”-ийн анхны санаа ийн гарчээ.
Тавиад оны дундуур Д.Гармаа гуай гэнэт шар өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтжээ. Төрийн соёрхолт, яруу найрагч Лхагвасүрэн агсны аав Бавуу нарын дөрвөн хүний хамт нэг тасагт хэвтэж байж. Бие нь хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Түүнийгээ тасгийнхандаа уншиж өгнө. Тэр үедээ “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичсэн нь хожим “Морьтой ч болоосой” болж амилсан хэрэг.
Эл киноны гол дүр Дондогт жүжигчин, циркийн алиалагч Дашдондогийн Лувсанчимэд тоглосон. 1937 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн тэрээр 1956 онд Циркийн сургууль төгсөөд 1960 он хүртэл циркт алиалагчаар ажиллажээ. 1959 онд “Морьтой ч болоосой”-н Дондог, 1963 онд “Аман хуур”-ын барилгачин, 1970 онд “Дайны тухай өгүүллэгүүд”-ийн /Балга ус/ офицер, 1993 онд “Морьтой ч болоосой 2” кинонуудад тогложээ. Циркийн тайзнаа “Зодоон”, “Гуанз”, “Хүүхэлдэй”, “Насос” зэрэг шог үзүүлбэрт алиалагч Сандагийн хамт тоглож явж.
“Морьтой ч болоосой” киногоороо тэрээр Соёлын яамны жуух авч, хотын хүндэт самбарт зургаа тавиулж, Чехословакт болсон кино наадмын тусгай шагналд орж байв. Гудамжаар явсан хүүхэд, залуус “Дондоог” гэж дуудан талархаж, хөдөөгийн өвгөд эмгэд тоглолтоор очиход нь үнсэн угтаж, цагаан сүүний дээжээ барин хоймроо залан суулгадаг байлаа.
Өөрийг нь алдар нэр, хүндлэлд дагуулсан тус киноныхоо талаар тэрээр “Нас залуу, туршлага дадлагагүйг хэлэх үү, кино найруулагч Доржпалам, туслах найруулагч Чимид-Осор гээд тэр үеийн томчуудаас эмээхийг хэлэх үү, их л хэцүү байсан. Морь булгидаг хэсэг дээр би орлон тоглогч аваагүй, харин ус руу шидэгдэх үйлдэл яггүй байсан. Гурван удаа зураг авахуулж, сүүлчийнх нь тэнцсэн. Эхний оролдлого үнэмшилгүй болсон, хоёр дахь удаад аврах хэсгийн хүмүүсийн нэг нь намайг усанд живлээ гэж сандрахдаа уурга сунган зураг эвдсэн, гурав дахь оролдлого дажгүй болсоон.
Тэр шөнөө 39 хэм хүртэл халуурч түргэн дуудсан боловч эмч үзээд, “халуун хүйтний хямрал болжээ” гээд эм өгсөн, нэг хөлрөөд өглөө нь зураг авалтаа ургэлжлүүлсэн. Циркийн жүжигчин, чийрэг бие махбод маань тус болсон байх аа. Монгол гутал, дээлтэй усанд шидэгдэн далд ороод эргэж гарч ирэх гэж нохой самардан зүтгэх амаргүй байсан даа. Гармаа зохиолчийн уран бүтээлийн гараа болсон энэ кино түүнд алдар хүнд, арвин бүтээл, онгод хийморь хайрласан юм” хэмээн нэгэнтээ дурссан нь бий.
“Морьтой ч болоосой” кино зохиолчдоо алдар хүнд, арвин бүтээл, онгод хийморь хайрласан шигээ Д.Лувсанчимэдэд ч алдар хүнд, хүндлэлийг хайрласан. Гэвч түүний хувийн амьдрал дардан байсангүй. Эрүүл чийрэг биетэй, сайхан залуу өөрийн зиндааны гуалиг сайхан биетэй, шанз тоглон дуулдаг нэгэн бүсгүйтэй урлагийн сургуульд танилцжээ. Ардын дуунд
Шанзны маань үзүүрээс
Салхи нь салдаггүй еэ
Санааны минь үзүүрээс
Сүнжидмаа минь салдаггүй еэ
гэдэгчлэн түүндээ дурлаж, хайлан уярч явж. Хүү, охинтой ч болов.
Д.Лувсанчимэд хөдөө тоглолтоор явахдаа архи уун ам халж, бяцхан маргаан дэгдээн худалдагчтай үг сөрсөн нь “матаас”-аар дээд газрын чихэнд хүрч, Соёлын яамны шийдвэрээр циркийн дарга халах тушаал гаргажээ. Гомдсон залуу мэргэжлээ хаяж, жолоо мушгин давхих болов.
Хань ижил нь ч салан одож. Арав гаруй жил жолоо мушгин, хотын түргэнд ажиллаж байхдаа ахуйн осолд орсон нь /гар нь мэдээ муутай болсон/ түүнийг жүжиглэх байтугай жолоо мушгих эрхгүй болгосон гэдэг. Манаач, жижүүр зэргээр ажил олдвол хийнэ, үл олдвол ахынхаа мөнгийг буухаар хоол хош цуглуулахаар тор барин сажилна. Салж сарнисан ч эхнэртэйгээ эргэн нийлж. Харамсалтай нь түүний хань дөчин хэдхэн насандаа энэрэлгүй хорвоогийн хатууг түүнд амсуулан орхин оджээ.
Тэр цагаас хойш хүү охин хоёр нь ч ирсэнгүй, өөрөө ч хөөцөлдөн уулзаж чадалгүй олон жил болсон гэдэг. Гэсэн ч тэрээр “Эдээр биш, итгэл, сэтгэлээр баян яваадаа баярладаг. Хүмүүс минь бие биеэ хайрлаж яваарай. Би дэлгэцэнд бүтээсэн дүрээ харахад төрөл арилжаад эргээд уулзсан мэт баярламаар бахадмаар залуу нас, хайр дурлал, гэнэн томоогүй адал явдалтайгаа дахин учирч, ингэдэг байж, тэгсэн бол дүр маань улам сайн болох байж гэж санагдан хорвоо дэлхийд дахин мэндлэх шиг болдог” хэмээн сэтгэлээ уудалж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй