Г.Жигжидсүрэн: ”Суварган цэнхэр уулс” дээр Батцэцэгийн нүдэн дээр шумуул хазсанаас болж зураг авалт тав хоног зогсож байлаа

2021-06-13 1321 0

1978 онд дэлгэцэнд гарснаасаа хойш “Үзэх дуртай кино“-ны цэсэнд байнга багтаж байдаг чансаатай уран бүтээлийн нэг нь “Суварган цэнхэр уулс“ уран сайхны кино. Эл бүтээлийн тухай Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн юу өгүүлснийг уншигч танаа хүргэе.

-“Суварган цэнхэр уулс” кино үзэгчдийн дуртай киноны нэг. Тэгэхээр кино төрсөн түүх нь ч сонирхол татах нь дамжиггүй?

-”Суварган цэнхэр уулс” киног 1978 онд үзэгчдийн хүртээл болгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Санжийн Пүрэв тэр үед М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутан байлаа. С.Пүрэв бид хоёр түүний “Уулын намар” туужаар сайхан кино зохиол бичээд Соёлын яамныханд үзүүлсэн чинь бут цохиулсан. Зунжин сууж бичсэн кино зохиол нь бүтэхээ больсонд С.Пүрэв маань жаахан санаагаар унасан байх. Би түүний сэтгэлийг засах гэж өөр сэдвээр кино хийе гэсэн санал хэлсэн юм. Хилийг хүн бүхэн мэддэггүй, нэг ёсондоо их хаалттай байсан. Хил дээр дандаа эрчүүд алба хаадаг. Тэр үед цэргийн хугацаа гурван жил байв. Тиймээс эх орноо хамгаалж гурван жил хил дээр амьдарч байгаа дайчдын дунд нэг эмэгтэй хүн буюу сурвалжлагч очвол их сонин байх юм гэж киноныхоо зохиомжийг нь бодож олсон. Ингээд зохиолоо бичсэн.

С.Пүрэв маань оюутан учир намар хойшоо сургууль­даа яваад өгсөн. Тэр үед шинэ кино батлуулахад Кино үйлдвэр, Соёлын яамны уран сайхны хэлтэс, Главлит гээд олон шат дамжлага байсан. Тэр бүхнийг давж гарах үүрэг миний нуруун дээр үлдсэн дээ. Тэр олон хяналт шалгалтыг дамжаад зөвшөө­рөл авах хүртэл зохиолоос их зүйл хассан. Гэхдээ бид хоёрын гол санаа үлдсэн. “Суварган цэнхэр уулс” гэдэг нэрийг хилчдийн хамгаалж, хайрлаж шүтэж байгаа тэр уул, хайрхныг бодож өгсөн.

-Хилчдийн амьд­ралыг харуул­сан кино хийхэд та хоёрт турш­лага хэр байв?

-Бид хоёрын хэн нь ч цэргийн алба хаагаагүй. Харин С.Пүрэв сурвалжлагч хүний хувьд урьд өмнө нь хил дээр очиж байсан гэсэн. Би бол цэргийн амьдралын талаар юу ч мэдэхгүй. Тиймээс С.Пүрэв бид хоёр анх киноныхоо ерөнхий тоймыг хийчихээд ярилцсан. Тэр үед Хилийн цэргийг удирдах ерөнхий газрын дарга нь Ш.Арвай генерал байсан. Би генерал дээр ороод хилчдийн тухай кино хийх гэж байгаа тухайгаа хэллээ. Ш.Арвай генерал их сайхан хүлээж авсан. Наадах чинь их сайхан санаа байна. Чамд ямар туслалцаа хэрэгтэй вэ гэлээ. Би хил дээр очиж үзмээр байна л гэсэн. Тэгээд надад 14 хоногийн томилолт өгөөд “за, би чамд хилийн амьдрал үзүүлнэ, цэрэг болгоно” гээд намайг зүүн хил дээр аваачсан.

Ингээд Улсын баатар П.Чогдон гуайн удирдаж байсан домогт Баянхошууны заставт 14 хоносон. Үнэхээр л цэргийн амьдрал дунд орсон доо. Хилийн манаанд гарч байгаагүйгээс биш морьтой явж хилийн харуул эргэнэ. Хилчин цэрэг гэдэг ямар байдгийг бүгдийг яг амьдрал дотор нь орж үзсэн. Тэндээс зохиол их өөрчлөгдсөн. Заставт 14 хонохдоо олсон санаагаа шигтгэсэн их олон хэсгүүд кинонд маань бий. Захны даавуу хаддаг хэсэг, заставын бүжиг гээд бүгд л амьдралаас гарсан.

-Киноны гол баатар сурвалж­лагч бүсгүй Солонгын дүр бодит хүнтэй холбоотой юу?

-Би заставт очоод зочид буудлын хоёр өрөөнд байсан. Өглөө, орой бүхэн нэг цэрэг ирж ёслоод л хоол өгнө. Нэг орой таныг үдэшлэгт урьж байна гэдэг юм байна. Хэдэн цагаас юм гэсэн оройн хоолны дараа гэнэ. Хаана болдог юм гэсэн Дайчин алдрын тасалгаанд гэлээ. Тэгээд би яваад орсон чинь хоёр талаар дүүрэн цэргүүд. Тэнд ганцхан хүүхэн байна. Тэр нь Баянхошууны заставын улс төрийн орлогч Гомбо гэж офицерын эхнэр Сэлэнгэ гэж бүсгүй байлаа. Кинонд гардаг сурвалжлагч Солонго заставын бүжигт орж ирж байгаа хэсэг чинь яг тэр байгаа юм. Тэгээд нэг цэрэг намайг урилаа.

Бүжиглэсэн чинь нөгөө цэрэг маань “Би таныг авч явах уу, та намайг авч явах уу” гэж асууж байсан. Их хөөрхөн байгаа биз. Тэр мэтчилэн киноны үйл явдал бүгд амьдрал дундаас гарч ирсэн.

Сурвалжлагч Солонго гэдэг нэрийг ч тэр Баянхошууны заставын улс төрийн орлогч Гомбын гэргий Сэлэнгэ гэдэг бүсгүйн нэрнээс санаа авсан. Яагаад гэвэл Сэлэнгэ тэр заставын ганц эмэгтэй нь байсан. Киноны маань гол баатар амьдрал дундаас ингэж олдсон.

-Гол дүрд тоглох жү­жигч­нээ яаж сонгосон бэ?

-Жүжигчдийн хувьд нэг их санаа зовоогүй л дээ. Н.Батцэцэг өмнө нь миний “Эх бүрдийн домог” кинонд тоглосон. Би түүнийг жүжигчнийх нь хувьд мэддэг байсан болохоор “Суварган цэнхэр уулс” кинондоо тоглуулна гээд эхнээсээ бодчихсон байсан. Тиймээс проб ч хийлгүй шууд гол дүрийн жүжигчнээр авсан. Харин эрэгтэй дүр дээр нэлээд проб хийсэн. Заставын улс төрийн орлогч Цэнд гэж офицерын дүрд эдү­гээгийн урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж­мийн зохиолч Т.Эрдэнэ-Очир тоглос­ныг үзэг­чид сайн мэдэх байх. Тухайн үед Хилийн цэргийн ансамбльд хөгжим­чин байсан. Т.Эрдэнэ-Очир жүжигч­ний хувьд бас туршлагатай. Урьд нь Ж.Бунтар найруулагчийн “Нар хирт­сэн жил” киноны гол дүрд тоглочихсон байсан. Мөн өөрөө хилийн цэргийн амьдралыг сайн мэдэх хүн. Надтай адил цэргийн дүрэмт хувцас өмсөж ч үзээгүй хүнийг гол дүрд тоглуулбал хэцүү байх болов уу гэж бодож Т.Эрдэнэ-Очирыг гол дүрээр сонго­сон.

Цэргүүдийн хувьд Халхын голын отрядын бүх заставаар явж байж бие хаа, царай зүс бүх юмыг нь харж байж сонгосон. Тэдэн дотор хэдэн жүжиг­чин байхгүй бол дан цэргүүд тоглож чадахгүй. Тиймээс Ц.Төмөр­баатар зэрэг хэдэн туршлагатай жүжигчинг цэрэг болгосон. Ингээд цэргүүдээ жүжигчидтэй нэгтгээд нэг ансамбль болгосон. Киноны гол зүйл бол ансамбль шүү дээ. Ансамбльгүй бол кино зохиол хэчнээн сайн байгаад явдаггүй. Ялангуяа заставын тухай кино бол яах аргагүй ансамбль, нэг хамт олон гэж харагдах ёстой байсан. Олон сайхан жирийн хилчин дайчид энэ кинонд оролцон тоглосон юм шүү. Өнөөг хүртэл тэдний зарим нь надтай холбоотой байдаг.

-Киноны зургийг яг хаана авсан юм бэ?

-Дорнодын Сүм­бэрийн отрядын Хэрээ уулын застав дээр ихэнх зургийг авсан. Байгалийн хувьд Хэрээ уулын застав их сайхан. Тэнд киноны зургийн 70-80 хувийг авсан. Бусдыг нь Баянхошуу, Бурхантын застав болон отрядын төвд авсан. Энэ чинь 40 гаруй жилийн өмнөх кино шүү дээ. Үүнээс хойш хилийн цэргийн амьдралыг харуулсан кино гарсангүй. Энэ хооронд хоёрдугаар ангийг нь хийгээч гэсэн үзэгчдийн хүсэлт их ирдэг байсан. Одоо ч гэсэн хилийн цэргийн зарим хүн ийм санал хэлж байдаг. Үзэгчдийн бичсэн захианууд ч бий. Сурвалжлагч Солонго заставт эргээд ирнэ гэх мэтээр дараагийн ангид ямар үйл явдал өрнөхийг хүртэл биччихсэн байдаг.

-Хилийн застав дээр очиж кино зураг авахад хүндрэл бэрхшээл хэр гардаг байв. Наад зах нь хил дээр тийм олон хүн, машин техник байнга байх нь хүнд­рэлтэй л байсан байх даа?

-Би Ш.Арвай генералд их баярлаж явдаг. Ш.Арвай генерал тэгж зориг гаргаж, надад туслаагүй бол би за яахав гээд л хаячих байсан. Тэгсэн бол энэ кино бүтэхгүй л байв. Яагаад энэ кино өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хүрээд байна гэхээр яг амьдрал дундаас гарсан учраас тэр. Кинонд С.Пүрэв бид хоёрын анх төлөвлөж бодож явсан зүйл ховор. Үндсэн зохиомжийг нь л бодож олсон байх. Бусад бүх үйл явдал нь амьдра­лаас урган гарсан. Хоёрдугаарт, тэр кинонд тоглосон цэргүүд бүгд өөрсдөө байгаагаараа тоглосон. Гуравдугаарт, яг тэр байгаа газарт нь зураг авсан. Түүнээс биш Сонгинын буланд нэг застав бариад, хиймэл павильонд зураг авбал авна л даа. Гэхдээ дэлгэцийн бүтээл гэдэг амьд бодитой байж хүнд илүү хүрдэг. Үүгээрээ театрын бүтээлээс ялгаатай. Тиймээс “Суварган цэнхэр уулс” кино үзэгчдийн сэтгэлд хүрэхэд энэ бүхэн нөлөөлсөн.

Бэрхшээл их байсан. Анх Халхын голд очиход шумуул маш их, үнэхээр бэрх байв. Сүүлдээ тоохоо больдог юм билээ. Нэг өглөө боссон чинь Н.Батцэцэгийн нүдэн дээр шумуул хазаад зовхи нь бэлцийгээд хавдчихсан. Тэгээд тав хоног зураг авалт зогссон.

Тэр мэт зовлон бэрхшээл байсан. Н.Батцэцэгийн зовхийг шумуул хазсанаас болж Т.Эрдэнэ-Очир бид хоёр нэг дуу хийсэн. Анх зүгээр л Батцэцэгийг шоолж би нэг хоёр бадаг шүлэг бичээд Эрдэнэ-Очир ая хийгээд дуулж наргиа болгож байсан. Манай кино группынхэн бүгд түүнийг нь дуулдаг болчихсон. Халхын голын домогт манханаас дугтуй дүүрэн шумуул илгээлээ гэх мэт үгтэй. Түүний үгийг сүүлд өөрчлөөд Хилийн цэргийн ансамблийнхан дуулсан. Т.Эрдэнэ-Очирын хилийн цэргийн сэдэвтэй анхны дуу тэр байх.

-Дуу гэснээс “Суварган цэнхэр уулс” киноны дуу өнөөг хүртэл дуулагдсаар байна?

-Энд дурдахгүй байхын аргагүй хүн бол миний анд, төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал. Тэрээр “Суварган цэнхэр уулс” киноны хөгжмийг бичсэн. Энэ бол бидний хамтарч хийсэн хоёр дахь кино. З.Хангал бид хоёр, сурвалжлагч бүсгүй буцах үед заставт түүний сэтгэлийн уяа үлдэж байгааг дуугаар илэрхийлбэл зүгээр юм гэж яриад “Хунгийн дуу”-г хийсэн. Үгийг нь би өөрөө бичсэн. З.Хангал их сайхан ая хийсэн дээ. Одоо хүртэл залуус дуулж байна. Б.Нандинцэцэг ч их сайхан дуулсан. Энд дурсах ёстой өөр нэг хүн бол П.Чогдон баатар.

-П.Чогдон баатар “Суварган цэнхэр уулс” киноны зөв­лөхөөр ажилласан байх аа?

-Тийм. Миний дэргэд байнга ажиллах цэргийн зөвлөхөөр П.Чогдон баатарыг томилсон. Тэр их сайхан хүн. Тэр чигээрээ түүх. Кино зураг авах үед түүнтэй хамт Халхын голын бүх заставаар явсан. Домогт Хэрээ уулан дээр цуг гарч түүхийг нь яриулж байлаа. Хэрээ уул их домогтой. Уг уулыг японуудад гурвантаа алдаж, гурвантаа эргүүлэн авч байсан гэдэг. Хэрээ уулын цаад тал нь харийнх, наад тал нь манай нутаг. Ерэн баатрын хөшөөн дээр Халхын голын баатрууд ирээд байгаа зураг “Суварган цэнхэр уулс” киноны төгсгөлд бий. Тэр чинь бараг барим­тат юм шүү дээ. П.Чогдон баатар тэр ахмад дайчид дунд байж байдаг шүү дээ. Хотоос олон одонтой баатруудыг аваачиж кино зураг авч байсан. Өнөөдөр үүнийгээ эргээд харахад “Суварган цэнхэр уулс” кино маань баримтат ч юм шиг, уран сайхны ч юм шиг болчихжээ. Үүгээрээ бид бас алдсангүй гэж боддог. Тэр сайхан ахмад дайчдын дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн байна.

-Киноны зураг авалтын үед хөгжилтэй, дурсамжтай зүйл их тохиолдоно биз?

-Нэг удаа бид бүрий болохоос эх­лээд өглөө нар мандтал шөнөжингөө зураг авсан. Хил зөрчигч баривчилдаг хэсгийн зургийг авсан юм. Өглөө нь П.Чогдон баатар бид хоёр Хамар давааны застав дээрээс завиар гол гаргуулаад буудалдаа ирлээ. Намар орой болчихсон байсан. Бид гал түлээд сайхан амарч байтал П.Чогдон баатар нэлээд ядарчихсан гутлаа тайлаад сууж байна. Тэгэхээр нь би өрөвдлөө л дөө. Тэгээд, “Чогдон баатрыг урьд шөнө нойргүй хонуул­чихав уу даа” гэсэн чинь “Халхын голд миний нойргүй хонох шөнийн тоо дуусаагүй л юм байна” гэж хэлж байсан. Гоё хэлж байгаа биз. Их сай­хан хөгжилтэй хүн. Нэг шөнө застав дээр бид унтах гэж байсан чинь Хилийн цэргийн ансамблийнхан дав­хиад ирлээ. Цаг харсан шөнийн 12 цаг өнгөрч байна. П.Чогдон баатар бид хоёр нэг өрөөнд байсан л даа. Нэг харсан Чогдон гуай босоод л шуу­хинаад байна.

Харсан чинь мань хүн хувцсаа өмсчихсөн, гутлаа тосолж байна. “Чогдон баатар та хаачих нь вэ” гэсэн чинь “Цаана чинь үдэшлэг бо­­лох гэж байна гэнэ. Энэ сайхан хүүхнүүд ирчихээд байхад хоёр гурав бүжиг эргэчихээд ирье” гээд гараад явчихаж байгаа юм. Тэр үед П.Чогдон гуай жар шахам настай байсан болов уу. Тийм л жавхаатай, хийморьтой хүн. Дайн тулаанд орж хатуу хөтүүг үзсэн, сумны өмнөөс явж байсан хүн болохоор амьдралыг сайн мэднэ. Тиймээс үгээр хэлэхээс илүү байгаа байдлаараа бидэнд үлгэр дууриал болж байсан.

-Тэр үед дайнд оролцсон баатруудын ихэнх нь амьд сэрүүн байсан биз. П.Чогдон баатар дайчин нөхдийнхөө тухай ярьдаг байсан уу?

-П.Чогдон гуай дайчин нөхдөө, цэргүүдээ их ярина. Д.Гуулин баатарт их хайртай. Нэг удаа надад их сонин зүйл ярьсан. Энэ Н.Жамбаа сонин хүн шүү. Тулалдааны дараа шалгахад Жамбаагийн буудсан япон дандаа тархиндаа юм уу, хулхиндаа буудуул­сан байдаг юм гэж хэлж байсан. Үнэхээр мэргэн бууч байсан хэрэг. Сүүлд “Зарлаагүй дайны оршил” киног хийхэд Н.Жамбаа баатар цэр­гийн зөвлөхөөр ажилласан юм. Тэр үед би Н.Жамбаа гуайгаас П.Чогдон баатрын хэлснийг асуулаа. Та яаж тэгж тархийг нь зад буудаад байсан юм гэсэн. Тэгсэн “Хүүхээ, энэ японууд их тэвчээргүй шүү дээ. Нуувчин дотор манайхан бол тэсээд байгаад л байна. Японууд тэсэхээ бай­гаад шумуул үргээгээд гар нь ч юм уу, алчуур нь хөдөлдөг. Түүгээр нь баримжаа аваад сөөм хэртэй доогуур л буудчихдаг байсан юм” гэсэн.

Хүн хүнээ тэгж хөнөөнө гэдэг дайны үеийн харгис зүйл ч гэлээ тэнд монгол ухаан байгаа биз. Энэ мэт дурсамж надад их бий. Эх орноо мах цусаараа хам­гаалж явсан хүмүүстэй хамт ажил­ласандаа би их баярладаг. Үүнийг их хувь заяа гэж боддог.
Сүүлд би П.Чогдон баатрын заставын түүхээр “Зарлаагүй дайны оршил” киног хийсэн юм шүү дээ. Би П.Чогдон гуайгаар түүхийг нь яриул­сан. Тэдний застав ар талаас хүч иртэл давуу хүчтэй дайсныг тог­тоон барьж байсан түүхтэй. 30 гаруйхан хүн тэр олон японыг гурав дөрөв хоног тогтоосон гэдэг юм. Барим­тат түүхээс сэдэвлэж хийсэн кино л доо. П.Чогдон гуай надад “Халхын гол өөрөө өөрийгөө хамгаа­лаад үлдсэн нутаг байгаа юм” гэж хэлж байсан. Халхын голын дов толгод, гуу жалга бүгдийг хилчид анддаггүй. Харин японууд тууж ороод шаварт суучихдаг, зөндөө юм болдог юм байна л даа. Морин маневрийг манайхан гайхалтай сайн хийдэг байсан юм билээ. Хэдэн манхнаа тойроод л давхичихдаг. Тав зургаан хүн л манхны хэдэн талд гараад буудаад байхад японууд олон хүн байна гэж боддог. Тэгж байж нутгаа авч үлдсэн юм билээ. Энэ бол үнэхээр монгол ухаан байсан байгаа биз.
-Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

“Гарьд магнай”-н гоё дүрүүд

ЖИЖИГХЭН ХҮНЭЭС МУУ САНАА ГАРДАГ Б.Магсаржав гуайг найруулагч нь ямар ч сонгон шалгаруулалтгүйг

2024-01-18

Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний сорьцыг сольсон этгээдийн мессежийг дэлгэлээ

Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Хатанбаатарыг АТГ-аас хэд хэдэн ноцтой асуудлаар шалгаж э

2023-10-04