НАМЭХ-ноос хөл хорионы үеэр цуврал цахим сургалт хийх санаачилгыг эхлүүлж, хамгийн эхний сургалтыг “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх нь” сэдвээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хийлээ.
Тэрбээр умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болох хүний хөхөнцөр вирус буюу HPV вирусийн эсрэг вакциныг охидод бэлгийн хавьталд орохоос нь өмнө хийж эхэлбэл умайн хүзүүний хорт хавдраас насан туршдаа хамгаална гэдгийг онцолсон юм.
Дэлхийдахинд энэхүү вакциныг 20 жилийн өмнөөс хийж эхэлсэн бол манайд хийдэггүй байна. Одоогийн урьдчилан сэргийлэлтийн тогтолцоогоороо буюу 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд үзлэгт оруулдаг байдлаар цааш явбал 2040 он гэхэд 8767 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас эндэх тооцоолол гарчээ.
Цахим сургалтыг товчлон хүргэж байна.
Манай улсын хувьд элэгний хорт хавдрын дараа ходоод, уушиг, умайн хүзүүний хорт хавдрууд элбэг тохиолддог байна.
Хорт хавдрууд дотроос элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан тодорхой байдгаараа онцлог гэж хэлж болно.
Умайн хүзүүний хорт хавдрын хувьд хүний хөхөнцөр вирус буюу HPV вирусээс шууд шалтгаантай гэж ойлгож болох юм.
HPV вирусийг эрэгтэйчүүд тээж, дамжуулдаг. Эмэгтэй хүний биед уг вирус ямар нэгэн байдлаар нэвтэрдэг бөгөөд эмэгтэйчүүдийн 90 хувь нь тухайн вирусийг биеэсээ зайлуулж, цэвэрлэдэг дархлаатай байдаг байна. Харин үлдсэн 10 хувь нь вирусийн эсрэг дархлааны тогтоцгүй байдаг аж.
Энэхүү вирусийн эсрэг дархлааны тогтоцгүй байх нь мөн удамшиж болно. Дархлааны тогтоцгүй 10 хувьд багтах эмэгтэйчүүдийн биед вирус орсон тохиолдолд умайн үзүүрийг бага багаар үрэвсүүлж, 30 жилийн дараа гэхэд хавдар болдог байна. Тийм ч учраас умайн хүзүүний өвчлөлийн 96 хувь нь 30-аас дээш насанд тохиодог.
Одоогийн байдлаар энэхүү вируснээс залуу насны охид, эмэгтэйчүүд тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх зэрэг аргаар хамгаалах боломжтой.
Дараах гурван шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо 100 мянган эмэгтэй тутамд 30 гаруй тохиолдол батлагдаж байгааг 2030 он гэхэд дөрөв болгон бууруулах боломжтой.
Анхдагч урьдчилан сэргийлэх:
- Бэлгийн хавьталд орохоос өмнө буюу 9-14 насны охид, хөвгүүдийг дархлаажуулах
- Бэлгийн харьцаанд орж эхэлсэн хүүхдүүдэд бэлгэвчний хэрэглээг хэвшүүлэх
- Хөвгүүдийн хөвч таслах мэс заслыг хэвшүүлэх
Хоёрдогч урьдчилан сэргийлэлт:
- 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд нэг удаагийн үзлэгээр илрүүлэх
- HPV-ийн өндөр эрсдэлт хэв шинжүүдийг тодорхойлж газар дээр нь тодорхойлж, хариуг хэлэх
Гуравдагч урьдчилан сэргийлэлт:
Мэс засал, туяа эмчилгээ, химийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээг эрчимжүүлэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй