Х.Хашчулууны эхнэр Д.Мөнхзул: Хол замд ядарч ирсэн минь ХӨСҮТ-ийн ажилчдыг харсны дараа зовлон биш санагдсан

2020-12-12 734 0

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн мянгат малчин Х.Хашчулуун ХӨСҮТ-ийн хамт олонд зуун ширхэг ямааны мах хандивлалаа.

Тэрбээр  “Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа Халдварт өвчин судлалын төвийн хамт олны мэдээллийг өдөр бүр зурагтаар үздэг. Зарим нэг нь ажлаа хийж байгаад халдвар авсан гэх мэдээлэл аваад сэтгэл их эмзэглэсэн.

Тэгээд өөрийн мал сүргээсээ эрчим омгийн 100 ямааны махыг дотор цувдай зэрэгтэй нь авчирч өгч байна”   хэмээн ярьсан.

Хашчулуун бага наснаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 1984 онд түүний аав Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж эхэлжээ. Өдгөө тэрээр мянга гаруй толгой ямаатай аж.

Эрчим омгийн ямаа нь өндөр уулсын бүсэд зохицсон, чийрэг, бие томтой, цээжний хэсэг  сайн хөгжсөн, ноолуурын гарц сайн, ясжилт сайтай хар зүстэй юм. 

Мөр тэрээр “Улаанбаатарт очоод, яаж хэрхэн өгөхөө мэдэхгүй байсан болохоор багийн засаг дарга н.Бямбачулуун, сумын засаг дарга н.Бямбасүрэн хоёрт уламжилсан. Тэд маань ч ХӨСҮТ рүү холбож өгөөд намайг Д.Нямхүү захиралтай яриулсан.

Би 100 ямаа хандивлах гэж байгаа тухайгаа хэлээд амьдаар нь авах уу гээд  захирлаас асуусан. Тэгсэн Д.Нямхүү захирал баярласнаа хэлээд бид ажил ихтэй байгаа та хэд маань нядлаад аваад ирвэл их сайн байна гэсэн. Тэгээд бид Төмөрбулаг сумандаа нядалгаа хийж, хоёр машинд ачаад Улаанбаатар хотод ирсэн. Махаа гэдэс цувдайтай нь бүгдийг нь өчигдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд сэтгэл өндөр байна” гэлээ. 

Харин түүний гэргий Д.Мөнхзул “Манайх ам бүл гурвуулаа, ганц хүү маань 12 дугаар ангид сурдаг. Залуу туслах малчин авсан, жилдээ 50 малын туслалцаа өгч ажиллуулдаг юм. Манай хадам аав Хөвсгөл аймгийн алдарт уяач Ж.Хөрөнгөө, хадам ээж Б.Норовсамбуу гээд сайн малчин хүмүүс байсан. Миний аавыг Ц.Дамбий, ээжийг маань Ц.Сосор гэдэг нутаг усандаа нэр хүндтэй, удам судар сайтай сайхан хүмүүс байсан. Энэ хүмүүсийг дурсахгүй байхын аргагүй.

Бид Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд алдаршсан Эрчим омгийн ямааг өсгөн үржүүлж нийт 1,400 ямаатай болсноос 100-г нь ХӨСҮТ-д хандивлаж байгаа юм.

Уржигдар хот руу гараад хонон өнжин 1,000 гаруй км яваад өчигдөр ирсэн. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэх монгол ардын зүйр үг бий. Тэр үгийг л бид хоёр их бодсон.

Монгол Улс гэлтгүй дэлхий нийт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байгаа энэ цаг үед гэр бүлийнхээ зүгээс өчүүхэн ч гэсэн тус дэм болж байгаадаа маш их баяртай байна. Зардал мөнгөө гаргаад, хол замд ядарч ирсэн минь ХӨСҮТ-ийн ажилчдыг харсны дараа зовлон биш санагдсан. Бас өөрсдөөрөө бахархсан. ХӨСҮТ-д хандиваа өгчихөөд одоо нутаг буцах гээд PCR шинжилгээнийхээ хариуг хүлээгээд сууж байна” гэлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03