Дарханы замд оруулсан 180 сая ам доллар хаачив?

2020-01-06 126 0

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ талаар АТГ-аас тодруулахад, “О гэх иргэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тиймээс 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэв. Харин албан бус мэдээллээр 24 орчим сая төгрөг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэнэ.

 Дээрх мэдээллээс үзэхэд Дарханы зам засварт зориулж Азийн хөгжлийн банкнаас олгосон 60 сая ам.доллар эрх баригчдын халаасаар дамжиж, “нохойн замаар” орсон бололтой. Ямар сайндаа юм л бол шударга ёс, хариуцлага ярьж, “сэлэм” эргүүлэх “хобби”-той ерөнхий сайд У.Хүрэлсүх маань Дарханы замын хуудуутай засвараас болж хэн нэгэнд хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй байгаа юм. Тэгвэл дээрх асуудлыг хариуцаж буй салбарын сайд Б.Энх-Амгалан “Дарханы зам засварын ажил 8-35 хувьтай байгаа.

 Нэг, гурав, тавдугаар багцууд доод сууриа хийчихсэн. Хоолойнуудаа авчихсан байгаа. Тэдэнд гуравдугаар үеийн хамгаалалт болоод хучилтаа хийх хугацаа бий. Гэрээгээр 2020 оны зургадугаар сарын нэгэн гэхэд замаа хүлээлгэж өгөх ёстой” гэдэг тайлбарыг өгч байна. Гэсэн ч түүний дээрх мэдэгдэлд итгэхэд бэрх юм. Учир нь ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы замын засварын ажлын нээлт дээр “Энэхүү замыг олон улсын хамаарал бүхий, ачаалал ихтэй зам” болохыг онцлоод “Энэ ондоо багтааж ашиглалтад оруулах”-ыг сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгосон. Гэвч хаанаа, юу нь гацсаныг бүү мэд. Хагас жил шахам хаалттай байсан “өнөө” зам дөрвөн эгнээ болох нь битгий хэл, хоёр эгнээ замынхаа хуучин хучилтыг хуулчихсан, тоос, шороо, хайрга чулуунд дарагдсан хэвээр ашиглалтад орсон билээ.

6.5 тэрбум төгрөгөөр баригдсан түр зам дээр зургаан хүн амь насаа алдав

 Түүнчлэн зам засварын ажил явагдаж байх хооронд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Хамгийн сүүлд, есдүгээр сарын 28-ны шөнө Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн гэх. Уг нь түр зам барих ажилд 6.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл түр зам нь сар бололгүй чанараа таниулжээ. Энэ талаар “Дархан Азза” ТӨХК-ийн захирал Б.Баясгалан ярихдаа “Түр зам барих ажлыг манайх хариуцсан. Гэхдээ ашиглалтыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой” хэмээн асуудлыг өөрөөсөө холдуулсан юм. Харин тус замыг хариуцаж буй гүйцэтгэгч “China Geo-Engeneering Corporation” төслийн ажилтан Н.Тунгалаг ярихдаа “Түр замыг стандартын дагуу бариад манайд хүлээлгэж өгсөн тохиолдолд бид арчлалтыг хариуцна. Одоогоор бидэнд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байна” гэдэг мэдээллийг долдугаар сарын 29-ний өдөр өгч байжээ.

60 сая ам.долларын санхүүжилттэй Дарханы замыг иргэд хайгаад олсонгүй

 Ийнхүү Дарханы замд зорчигчид эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр замаар шүд зуун зорчиж, амьд мэнд зорьсон газраа очвол зол буян гэж баярлаад, арайхийн арваннэгдүгээр сарын нэгэнтэй золгосон ч “хүлээлт” нь талаар болсон юм. Энд тэндгүй овоолсон шороо, энхэл донхол, дугуй нь хагарсан жолооч нар. Зам дээр хаа сайгүй уулын чулуу, арматурын төмөр ёрдойж харагдах бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн 60 сая ам.доллараар барьсан шинэ замыг хайгаад олоогүй билээ. Хуучин байсан хоёр эгнээ Дарханы замд өдөрт найман мянган машин зорчдог байсан бол өнөөдөр гурван мянган машин явж байна гэнэ. Хуучин замаар Улаанбаатар-Дархан хооронд хоёроос гурван цаг давхидаг байсан бол одоо дор хаяж таван цаг явдаг болжээ. Ингээд бид хэрэг явдал яагаад иймд хүрэв гэдгийг сурвалжиллаа. Манайд ямар нэг бүтээн байгуулалт хийе гэхээр эхлээд санхүүжилт дээр гацдаг тал бий. Үүнийг Азийн хөгжлийн банк гэж буянтай байгууллага шийдээд өгсөн юм байна. Хийе, бүтээе гэсэн хүнд 60 сая доллар гэдэг бага мөнгө биш ээ. Үүний дараа тендер гэж нэг бөөн “маапаан”-тай, цаг хугацаа алдсан ажиллагаа болдог. Энэ асуудлыг уг нь, манай дарга нар урьдчилж тааварлаад сонгон шалгаруулалтыг таван багц болгож зарласан юм билээ. Улмаар БНХАУ-ын туршлага бүхий компаниуд шалгарч ажлаа эхлүүлэх гэж байтал баяр наадам, хур бороотой давхцаад бараг л наймдугаар сартай золгосон юм байх. Бас болоогүй, өнөө таван хятад компани чинь дороо туслан гүйцэтгэгч арав гаруй дотоодын компанитай гэрээ байгуулсан гэж байгаа. Чухам эндээс л асуудал үүссэн гэхэд бараг болно. Юу гэвэл, тендерт шалгарсан хятад компаниуд санхүүжилтээ авсан ч туслан гүйцэтгэгч нартаа санхүүжилтийг нь өгөөгүй гэнэ.

Дарханы замын гүйцэтгэгч компаниуд

 Өнөөдрийг хүртэл хийгдсэн 15 километр асфальтан зам хийгээд, хоёр эгнээ бүхий хуучин замын асфальтыг хуулах ажлыг дотоодын компаниуд өөрсдөө мөнгө гаргаад хийж байсан аж. Ингээд аргаа барсан дотоодын компаниуд нутгийн иргэдэд хандсанаар залуусын төлөөлөл “Дарханы зам засвар-Иргэдийн хяналт” цахим хаягийг нээсэн байна. Тэдний төлөөлөл болох Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Замын ажлыг зургадугаар сарын нэгэнд эхлүүлсэн. Наадмын дараа хариуцлага бүхий том компаниуд замын ажлын явц 40 хувьтай байна гэсэн боловч дараахан нь тодорхой гэрээнүүд хийгдээгүй гэдэг хариулт өгсөн. Иймд энэ замын ажилд төрийн хяналтыг хэрхэн тавьж буй нь тодорхойгүй байна” гэдэг мэдээллийг өгч байжээ. Харин үүний дараахан салбарын сайд Б.Энх-Амгалан Дарханы зам засвар, шинэчлэлийн ажил хугацаандаа багтахгүй хэмээн “нүхээ малтсан” юм. Тэрбээр “Авто замын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, дөрөвдүгээр багцын ажил удаашралтай байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна” гэжээ. Энэ бүхнийг эргэцүүлж суухад, үүний цаана эрх баригчид тодорхой түвшинд улстөрийн мөнгө угаалт эсвэл авлигал хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд хийсэн байх гэх хар эрхгүй төрж байсан билээ. Харин өнөөдөр Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ гэгч этгээд Дарханы замын асуудлаас болж АТГ-т шалгагдаж буй нь дээрх хардлагыг батлаад өгч байна.

“Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих” 120 сая ам.доллар хаачив?

 Улаанбаатар-Дарханы замыг засч сайжруулах ажлыг үе үеийн Засгийн газар амлан авдаг ч өнөөдрийг хүртэл дөрвөн эгнээ, асфальтан хучилттай болгож чадаагүй байна. Нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэхүү замын буянаар эрх баригчид мөн багагүй мөнгийг олон улсын байгууллагаас авч байжээ. Үүний нэг жишээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилт авах гэрээнд өнгөрөгч хавар гарын үсэг зурсан байна. Үүний дотор Улаанбаатар-Дархан чиглэлд нэмэлт хоёр эгнээ авто зам шинээр барих ажилд 120 сая ам.долларыг зарцуулна гэжээ.

 Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, Бүс ба зам санаачилга болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс-Монгол Улс-Оросын Холбооны Улсын эдийн засгийн коридор санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдол бүхий коридор бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэхүү коридорыг дөрвөн урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ. Харин өнөөдөр энэ мөнгө хаана, юунд зарцуулагдаж буй нь тодорхойгүй байна.

 Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр зөвхөн өнгөрөгч онд 265 осол гарч, 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн харамсалтай тоо иргэдийн санааг зовоосоор. Харин эрх баригчид энэ өндөр ач холбогдолтой замаа хэзээ нэгдүгээр зэрэглэлийн зам болгох нь тодорхойгүй байсаар.

Б.Наранчимэг “Ардчилал таймс” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын арслан Б.Орхонбаяр Цагааннуур сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлжээ

Монгол Улсын арслан Б.Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн наадмын бөхийн

2024-07-19

Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчдийг томиллоо

Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүрги

2024-07-19

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19