Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудсыг хүү Ц.Эрдэнэд нь хоёр удаа өгсөн

2020-04-06 1022 0

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирэнгүүт нь баривчилна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авахаар танайхаас удаа дараа дуудсан ч ирэлгүй өдий хүрлээ. Чухам ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг уншигчид төдийлөн мэдэхгүй байх шиг байна?

-Монгол Улсын иргэн Цахиагийн Элбэгдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийслэлийн Прокурорын газар (НПГ)-аас 2020 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол танилцуулах, мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах гэсэн хэдий ч тэрбээр 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн тул холбогдох ажиллагааг хийх боломжгүй болсон юм.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж, түүнээс мэдүүлэг авах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Э.Эрдэнэд хоёр удаа гардуулан өгч, нэг удаагийн мэдэгдэх хуудсыг шуудангийн хаягаар нь явуулсан хэдий ч тэрбээр заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Тухайн этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй учраас бид дараагийн шатны арга хэмжээг хууль, журмын дагуу авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-1 дэх хэсэгт гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ. 42.1-2 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг мөрдөхтэй холбоотойгоор тодорхой хүний талаар мэдээлэл авах, биеийн байцаалт тогтоолгох, байгаа газрыг тогтоолгох буюу “Хөх булант”-ад зар байршуулах хүсэлтийг  2020 оны хоёрдугаар сарын 3-нд ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчооны ажлын албанд хүргүүлж, 21-ний өдөр хариу хүлээн авсан.

-Түүнийг онгоцноос буунгуут нь цагдан хорино гэсэн мэдээлэл цацагдсан. Цагдан хорих шийдвэр албан ёсоор гарсан юм уу?

-Ц.Элбэгдоржийг ирмэгц хорино гэх агуулгатай мэдээлэл гарсан. Мөн үүнтэй холбоотойгоор өөрөө ч албан ёсны твиттер хаягаараа мэдэгдэл хийсэн байв.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний халдвар тархаж, Монгол Улсын хэмжээнд онцгой дэглэм үйлчилж байна. Улсын онцгой комиссын 2020 оны гуравдугаар сарын 26-ны 14 дүгээр хуралдаанаар шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгон сунгаж шийдвэрлэсэн. Мөн энэ хугацаанд шаардлагатай хувийн хэрэглээний зүйлс, ном, сэтгүүл, эм бэлдмэлийг гурван удаа хүргүүлж, хүлээн авах боломжтой гэсэн шийдвэр гарсан.

Гэтэл АТГ уг шийдвэрийг зөрчиж, тухайн этгээдийг цагдан хорьж, байцаалт мэдүүлэг авах боломжгүй. Хилийн чанадаас ирж буй бүх хүнийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, ажиглалтад оруулах ёстой. АТГ-аас цагдан хорих асуудал тавиагүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байсан тул дээр дурдсан ажиллагааг хуулийн дагуу явуулсан талаар өмнө нь мэдээлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд явагдах ёстой. Ц.Элбэгдорж гуай Монгол Улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн учир үүнийг маш сайн мэдэж байгаа. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг улстөржүүлж, олон нийтийн сүлжээнд мэдэгдэл хийх нь зохимжгүй юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-1 дэс хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-д заасан “Зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэг хамжигчаар оролцсон” хэмээн тодорхойлж, уг хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх хэрэгт буруутгаж буй билээ.

 Г.Равжаа “Өнөөдөр” сонин Эх сурвалж: iaac.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч буй “Бурхан багш” олон ангит уран сайхны кино хэдийн үзэгчдийг байлдан дагуулаад

2024-11-29

Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг тойрогт халз үзье гэвэл би үгүй гэхгүй

“Үндэсний Эвсэл”-ийг Монголын либерал ардчилсан нам дэмжихээ илэрхийлж, хамтын ажиллагааг баталгаажу

2024-05-16

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25