УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр “Сэтгүүлчдээс ярилцлага авах хүсэлт их ирдэг. Тиймээс бүгдийг нь нэг дор цуглуулаад хүссэн асуултад нь хариулахаар шийдлээ” гэсэн юм.
-УИХ-ын намрын чуулган завсарлах гэж байна. Таны ажлын хэсэгт нь орсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулган завсарлахаас өмнө батлагдах уу?
-Би энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Яагаад энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гарсан гэхээр шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. 80-90 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүй байна. Олон улсын шинжээчид манай улсад хүний эрхийн зөрчил дутагдал байгааг ярьж, үүнийгээ арилга гэсэн. Иймээс Засгийн газар санаачилга гаргаж энэ хуульд өөрчлөлт оруулах болсон. Энэ хууль батлагдчихвал шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдахаа болино гэсэн үг. Хэргийн газарт баривчилсан тохиолдолд буюу цөөхөн тохиолдолд шууд хорьж болно. Үүнтэй холбоотойгоор бямба, ням гарагт шүүгчид амрахгүйгээр жижүүрийн байдалтай ажиллуулах шаардлага гарч байгаа. Би төсөл ярьж байна шүү. Энэ батлагдаж хууль болон гарах учиртай.
Хоёрдугаарт, хүний цагдан хорьчхоод хугацааг нь сунгаад байдаг. 1-12 сар хүртэлх хугацаатайгаар хорих ч тохиолдол бий. Бүтэн жил тамалж шоронд байлгадаг. Энэ байдлыг цэгцэлье гэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл шорон гянданд ороход маш амархан болсон байна. Орохоор барахгүй олон сар жилээр хоригдож байна гэдэг үүднээс энэ хуульд өөрчлөлт орж байгаа юм.
Одоо бол ямар ч хүний аваачаад хорьчхоод байгаа юм. Тэгвэл өөрчлөлт орсноор зөвхөн хоригдох зүйл заалтаар яллагдсан хүнийг л хорьдог болно. Гэхдээ заавал шүүхийн шийдвэртэйгээр. Энэ бол хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй том алхам шүү.
-Сонгуулийн тойрог мандат хуваарилах тогтоол батлагдсан. Сонгуулийн тойргийг томсгон бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар болсон нь сонгуулийн тогтолцоотой дүйх өөрчлөлт боллоо. Энэ өөрчлөлт нь шинэ, залуу улстөрчид сонгогдох боломжийг хаалаа гэх шүүмжлэл бий. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Энэ бол маш том өөрчлөлт. Цагийг нь тулгаж байгаад том тойрогтой болголоо. Үүнээс хойш манай Монгол Улс бүсчилсэн тойргоор мандан бадрах тухай ярьж эхлээд байна. Би үүнийг тархи угаалт л гэж бодож байна. МАН бол судалгаа тооцоолол сайтай институц. 2024 онд сонгуульд оролцоход энэ намд нэлээдгүй хүндрэлтэй байгаа байх. Хулгай дээрэм, хүн амын амьжиргаа эрс доройтсоноос эхлээд асуудлууд бий. Ингээд сонгуулийн саналыг ямархуу байдлаар авбал хожих вэ, олон суудал авах вэ гэдэг түлхээсээр хийчихлээ. Монгол Улсад хоёр сая орчим сонгогч бий. Үүний нэг сая нь хотод байгаа. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл Улаанбаатарын асуудлыг шийдэх учиртай. Гэтэл эндээс гарч ирэх УИХ-ын гишүүдийн тоо бага болчихсон. Тиймээс л үүнийг сонгуульд илүүрхэх гэсэн бодол, сэдлээр хийсэн. Хэн мөнгөтэй нь ялдаг сонгууль руу битгий явчхаасай гэж бодож байгаа.
Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг. Жижиг нам, залуу нэр дэвшигчдэд танигдах боломж хомс байна. Хэрэв сонгууль шударга явагдвал намуудын хоорондох тулаан л болох ёстой. Жижиг намуудад боломж алга. АН, МАН-ын тулаан л болох байх. Жижиг намууд олон нийтэд танигдахын тулд сайн ажиллаасай.
-Өнгөрсөн сонгуулиар та бие дааж нэр дэвшсэн. Энэ удаад намаасаа нэр дэвших үү?
-Би намаасаа нэр дэвшинэ. 2020 онд намайг хасаад хаячихсан байхгүй юу. Намгүй болчихсон учраас бие дааж нэр дэвшсэн. Би энэ намыг чинь байгуулалцсан хүн шүү дээ. АН-ын асуудлыг цагтаа мэддэг байлаа. Одоо удирдлага нь биш учраас төлөөлж ярих эрх надад байхгүй. Бид жаахан зориг, зүрх муутай унхиагүй ажиллаж байна уу даа гэж бодож байна. Томсгосон тойрог дээр МАН-тай зэрэгцээд зогсох шаардлага огт байхгүй. Яагаад гэвэл жаран хэдэн хүн хуулиа яаж ч баталж чадна. Хам хэрэгтэн болох ямар ч шаардлага байгаагүй.
-Сонгогдож гарсан тойрог болох Орхон аймагтаа хэдэн удаа очиж ажиллав. Иргэд нь таныг нүүрээрээ ирж уулзахгүй, онлайн уулзалт хийдэг гэж шүүмжилдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосны асуудлаас болж иргэдийн эрүүл мэндийн түвшин муудаж байгаа. Үүнд та анхаарлаа хандуулж байгаа юу?
-Орхоныхон намайг сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би зөвхөн Эрдэнэт хот биш Монголын ард түмний төлөө зүтгэх ёстой. Би өөрийгөө заавал цөөнхийн төлөөлөл гэхгүй. МАН-тай гурван асуудлаар хамтарч ажиллая гэсэн. Нэг нь, байгалийн баялагтаа эзэн болъё. Ардын намын амтай болгоноос гарсан үг. Эрдэнэтийнхэн намайг дэмжээд гаргачихвал овоолго буюу хүдрийн баяжмал дээр боссон үйлдвэрээс гарч байгаа баяжмалыг “Эрдэнэт үйлдвэрт, Орхон хотод, иргэдэд өгье” гэдэг санаагаа хэзээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж боддог. УИХ дээр унасан болохоос биш амьдрал дээр унаагүй. Ажил болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй