Монголчуудын 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэж байна

2019-12-29 975 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Уул уурхай, боловсролын салбар зөвхөн энэ салбартаа чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 0-100 настнаас гадна амьдралын түвшин харгалзахгүйгээр хүрч үйлчлэх ёстой. Ялангуяа, халамж хүртэх хэсгийг орхигдуулахгүй байх гээд юм юманд хүрч үйлчлэхийг шаарддаг онцлогтой яам л даа?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллыг салбар гэж харахаас илүүтэй макро эдийн засгийн бодлого хариуцсан яам гэж ойлгодог. Хөдөлмөр эрхлэлт гэхэд зөвхөн манай яамны хүрээнд шийдэгдэх биш макро эдийн засгийн бодлоготой уялдаж салбар хоорондын зохицуулалт шаарддаг.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 3.2 сая иргэний амьдралын чанарыг хариуцаж, эрх ашгийг нь хамгаалж ажилладаг. Энэ утгаараа орон нутгийн бүтцийн байгууллагуудаараа дамжуулж хүн бүрд хүрч ажиллах бодлого баримтлахыг хичээж байна.
Мэдээж олон хүний ажлын арга барил, зан чанар, ажлын дадлага туршлагаас үр дүн хамаарна. 3.2 сая иргэний хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг дан ганц салбарын яамны ажил гэж ойлгож болохгүй. Аймаг, нийслэл, сум, баг, дүүрэг, хороодын удирдлагуудын хамтын ажил, хичээл зүтгэл байдаг. Орон нутгийн удирдлагууд иргэнээ мэдэж хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллаж байна.Халамж хавтгайрлаа гэх шүүмжлэл хоёр талтай. Нэгдүгээрт, монголчуудын 2.7 сая иргэн ямар нэг хэлбэрээр нийгмийн хамгааллын үйлчилгээ хүртэж байна. Үүний нэг сая нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа юм. Хүүхдийн мөнгө, цалинтай ээж бол халамж гэхээс илүүтэй хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлого. Цаашид хүн амын өсөлтийг дэмжсэн бодлогыг тусад нь гаргаж тусгай хуулиар зохицуулдаг болох, нөгөө талд халамжид хамрагдах зорилтот бүлгээ зөв тодорхойлох шаардлагатай байгаа.
Хоёрдугаарт, өнөөдөр халамжаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг харахад олон хүн хамрагдаж байгаа мэт боловч нэг хүнд ногдох хэмжээ нь маш бага. Амьжиргааны түвшнээс доогуур халамж олгож байгааг өөрчилж, анхаарах шаардлагатай иргэдээ амьдралаа хэвийн авч явах хэмжээнд хүргэх ёстой. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлснөөс багагүй хэмжээтэй тэтгэвэр тэтгэмж олгох тогтолцоог бий болгохоор нэлээн ахицтай ажиллаж байна. Харин хөдөлмөрийн чадвартай иргэдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ рүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хамгийн чухал нь халамж эзнээ олж байж үр дүнтэй байх юм.
-Яамны бодлогын нэг гол цөм нь малчид байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас гээд малчдыг онцгойлж авч үзэх шаардлага бий?
-Манай улсын хувьд малаа төрийн хамгаалалтад авсан бараг цорын ганц улс гэж хэлж болно. Сүүлийн 20 жилд мал хувийн өмч болсон нэрийдлээр малчдын нийгмийн хамгааллын асуудал, малын эрүүл мэнд, удмын сан төрийн бодлогын гадна орхигдож ирсэн. Улсын хэмжээнд байгаа 250 орчим мянган малчин байгалийн хатуу ширүүнд, нар салхинд гандаж элээгдэж, амаргүй нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл тэдгээрийн дөнгөж 20 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлж, үлдсэн 80 хувь нь нийгмийн хамгааллын бодлогын гадна байна. Тиймээс Засгийн газраас хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа малчдыг дэмжих ёстой хэмээн үзэж гишүүний хувьд малчдын тэтгэврийн насыг таваар урагшлуулах хууль батлуулж өнгөрсөн жилээс мөрдөж эхэллээ. Ингэснээр мал маллаж байсан бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн. Гэсэн ч малчид нийгмийн даатгалын шимтгэл маш бага төлж байгаа учраас энэ хуулийн үр шимийг хүн бүр хүртэж чадахгүй байна. Тиймээс малчнаар ажиллаад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй бол 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Өнгөрсөн жил Засгийн газраас малчдын нийгмийн хамгаалалтай холбоотой бас нэг чухал шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт өндөр болдог. Үүнтэй холбогдуулаад зөвхөн малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хоёр дахин бууруулж нэг хувь болгосон. Цаашид ч гэсэн малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад үе шаттай олон ажил хийнэ.
-Ирэх жилээс нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ гэсэн бухимдал нийгэмд үүслээ. Энэ бодлого хэр оновчтой вэ?
-Нийгмийн даатгалын сан алдагдал ихтэй. Энэ онд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэг талдаа нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах шаардлагатай. Засгийн газар 2016 онд Олон улсын валютын сантай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцож 1997 оны дөрөвдүгээр сард баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль баталсан. Зарим хууль тогтоомж манай улсын нөхцөлд нийцэхгүй байгаа учраас тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэх хуулийг өөрчилсөн. Харин нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийг өөрчилж чадаагүй. Цаашид алдагдлыг бууруулна гээд шимтгэлийг нэмэх асуудлаар хязгаарлаж болохгүй. Шимтгэл нэмэгдүүлэхээс гадна даатгал төлөлтөд анхаарах ёстой.
Тухайлбал, малчдын нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлснээр шимтгэл төлөгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлнэ гэж харж байгаа. Ингэснээр ирэх жилийн нийгмийн даатгалын сангийн татаас 300 тэрбум төгрөгөөр буурна.
-Олон жил шимтгэлээ төлчхөөд түүнийхээ үр шимийг хүртэж чаддаггүй, тэтгэврийн зөрүү хэт их гэсэн шүүмжлэл их гардаг. Ер нь манай улсын тэтгэврийн тогтолцоо хэр зөв бэ?
-1995 оноос одоогийн тэтгэврийн тогтолцоо буюу эв санааны зарчимд тулгуурласан хууль хэрэгжиж байна. Цаашид нийгмийн даатгалын сангийн хуулийг өөрчилж олон давхаргат тогтолцоонд шилжих чиглэлээр ажиллаж байна. Нийгмийн даатгалын тогтолцоог гурван давхаргатай болгоно. Нэгдүгээрт, суурь тэтгэвэр авна. Хоёрдугаарт, ажилласан жил, авч байсан цалин, төлсөн шимтгэлээсээ хамаараад суурь тэтгэвэр дээрээ нэмэгдэл тэтгэвэр авна. Гуравдугаарт, хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог оруулж ирэхээр Дэлхийн банк, олон улсын байгууллагуудаас зөвлөмж авч ажиллаж байна. Удахгүй Засгийн газар, УИХ-д өргөн барина. Тэтгэврийн зөрүү арилгах асуудлыг ахмадууд их ярьдаг. Шийдэх ёстой асуудал мөн. Үнийн өсөлт инфляцын түвшин, цалингийн нэмэгдлээс болж тэтгэврийн зөрүү үүсдэг. Зөрүүг арилгана гэдэг хүн болгоны авч байгаа тэтгэврийг ижил түвшинд тогтооно гэсэн үг биш. Тэтгэвэрт гарч байгаа хугацаанаасаа үл хамаарч адил албан тушаал хашиж байсан иргэдийн тэтгэврийн зөрүүг ойртуулах юм. Тухайлбал, багшилж байгаад 1995 онд тэтгэвэрт гарсан хүнийх 2000 онд тэтгэвэрт гарсан хүнийхтэй ойролцоо түвшинд байна гэсэн үг. Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгахад 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай учраас ирэх оны төсөвт тусгаж чадаагүй. Цаашид итгэлцүүрээр болон шинэчлэн тогтоох замаар тэтгэврийн зөрүүг ойртуулах бодлого хэрэгжүүлнэ.
-Яам гэлтгүй Монгол төрийн бодлогын цөм нь хүүхэд хамгааллын асуудал байдаг. Гэтэл хүүхэд хамгаалал нэг л үр дүнтэй байж чаддаггүй?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүүхдийн хөгжил хамгааллын асуудал харьяалагддаг. Гэтэл энэ бол зөвхөн нэг салбар биш эрүүл мэнд, боловсролоос авхуулаад салбар хоорондын уялдаа холбоо, хариуцлага шаарддаг ажил. Шинэ Засгийн газар хүүхдийн хөгжил хамгаалалд нэлээдгүй ач холбогдол өгч эхний ээлжид бие даасан агентлаг байгууллаа. Ингэснээр тодорхой хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байна. Мөн Хүүхдийн хөгжил, хамгаалал, Хүүхдийн эрхийн хуультай болсон. Хамгийн гол нь салбар хоорондын уялдаа холбооноос гадна хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, асрамж халамж гээд бүх нийтийн оролцоо чухал. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд төрийн байгууллагаас гадна эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо, хариуцлагыг сайжруулах шаардлагатай.Хүүхдийнхээ эрүүл мэндийг эмчид, боловсролыг багшид даатгаад орхичихдог эцэг эх олон байгаа учраас Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр эцэг эх гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээх байдлыг хариуцлагажуулна.Хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарч эерэг хандлагыг бий болгох бие даасан телевизийн сувагтай болохыг зорьж байна. Улсын хэмжээнд хүүхдийн асрамж халамжийн 31 төв ажиллаж байгаагийн гурав нь улсын төсвөөс санхүүждэг. Бусад нь олон улсын болон төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдагт шүүмжлэлтэй ханддаг.Монголын төр хүүхдийн хөгжил хамгааллынхаа асуудлыг олон улс, хувийн байгууллагуудад даатгаад орхиж болохгүй. Тиймээс энэ чиглэлийн төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, орон нутгийн бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой.
-Их хурлын гишүүний хувьд асууя. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн cap үлдлээ. Дотор нь ажилласан хүний хувьд энэ парламентыг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын гишүүн байна гэдэг олон түмний итгэлийг нуруун дээрээ үүрсэн амаргүй алба. Зөв сайн ажиллаж чадвал нэр хүндтэй. Нэгэнт итгэлийг нь дааж тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулж төрд төлөөлж ажиллахаар сонгогдсон хүн энэ амлалт, үүрэг хариуцлагаасаа ухарч няцах эрхгүй. Энэ удаагийн их хурлын нэр хүнд янз бүр л байна. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдаг хойно хүн бүр өөрсдийнхөөрөө дүгнэх байх. Миний хувьд нэгэнт ард түмний төлөөлөл байж чадна гэж сонгогдсон учраас тойргийнхоо иргэдийн дуу хоолойг төрд хүргэх тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд хичээн ажиллаж байна.Тойргийн иргэдийнхээс өөр эрх ашиг байхгүй гэсэн зарчмыг барим­талдаг. Төрийн түшээ хүн хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд сонгогч­додоо амласан малчдын тэтгэврийн насыг таван жилээр бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болон ээжүүдтэй холбоотой хэд хэдэн хуулийг батлууллаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд хариуцаж байгаа салбарынхаа хүрээнд нэлээд анхаарсан. 2014 оноос цалин нэмж чадаагүй бол сүүлийн гурван жилд энэ Засгийн газар гурван удаа нэмэгдүүллээ. Ирэх жил мөн адил нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгох гээд санаачилж батлуулсан хууль, хийж байгаа ажил бий. Улс төрийн албан тушаалтны ам, үйлдэл зөрөх ёсгүй гэсэн зарчмаас хазайхгүйг хичээдэг.
-“Давхар дээл”-тэй гишүүд шүүмжлэлд их өртдөг. УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахад давуу, сул тал ажиглагддаг л байх?
-Ард түмэн “давхар дээл” гэж ёгтолж хэлдэг. Үндсэндээ хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг холих нь буруу гэж хэлж байгаа нь зарчмын хувьд зөв. Улс төрийн намууд хэрэндээ мэдлэг боловсролтой, тулхтай хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлдэг гэж ойлгодог. Гэтэл Засгийн газрыг гаднаас байгуулах нь чадавх сулрах сөрөг тал бий.Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр давхар ажиллахаар хувь хүнд цаг наргүй их ажлын ачаалал ирдэг. Чуулганд сууж УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно. Бусад цаг үед яамны ажлаа зохицуулах шаардлага гарна. Миний хувьд өглөө эрт болон ажил тарсны дараа яаман дээрээ сууж ажлаа амжуулдаг. Нөгөө талаас мэргэжлийн хүн сайдаар ажиллавал санаж бодсоноо парламентаар арай илүү шуурхай дэмжүүлж богино хугацаанд төрийн бодлого болгож гаргах давуу талтай. Манайх шиг парламентын засаглалтай оронд бол ерөнхий чиглэлийн яамны сайдуудаа УИХ-аас сонгох тохиолдол байдаг юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

М.БИЛЭГСАЙХАН: Mиний бичихээс илүүтэй ШҮЛЭГ намайг тоож төрдөг

"Монголчуудын амьдрал" сонины “Нууцхан яриа” булан хайр дурлал, секс хийгээд нууц амраг гэх мөнхийн

2024-03-25

Н.Алтанхуяг: Тойрог томсгоно гэдэг гурван аймгийн атаман мөнгөө нэгтгэнэ гэсэн үг, гэсэн ч би нэр дэвшинэ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр "Сэтгүүлчдээс ярилцлага

2024-01-10

“Айлын таван хүүхэд өнчрүүлээд муухай хүүхэн” гээд дайрч байсан тохиолдол ч бий

Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог “Гарын таван хуруу“ киноны нэг го

2023-07-27