УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр зарим УИХ-ын гишүүн иргэдэд 1072 хувьцааных нь ногдол ашгийг олгох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Өнөөдрийн байдлаар Монголын ард түмний 28.7 хувь нь ядуу байна. Цаашлаад 42.6 хувь нь ядуурах магадлалтай. Энэ бол төрийн бодлоготой холбоотой гэж бодож байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 40 хүртэлх хувийг иргэдэд эзэмшүүлэх хуулийн төсөл УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Попорч байгаа юм биш иргэдэд баялгийг нь өгөх хэрэгтэй. Засгийн газар 2012 оны дөрөвдүгээр хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох асуудлаар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй”.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “”Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхтэй нэг ширхэг хувьцааг Монгол Улсын бүх иргэнд олгохоор Засгийн газар тогтоолын төсөл баталж байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажил хийж байгаа юу? Хоёрдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 14.75 хувийг 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Үүнээс 440 орчим мянган иргэн ногдол ашиг огт аваагүй байгаа. Мөн 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудал хэзээ танай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар орох вэ?”
Засгийн газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ногдол ашгийн тухайд тус компани 2022 онд 1.3 их наядын ашигтай ажилласан. Гэхдээ энэ бол хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажсан дүн биш. Хөндлөнгийн аудитын дүн гарангуут ямар хэмжээний ногдол ашиг хүртээх нь тодорхой болно”.
Эрдэнэс-Тавантолгой компанийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат “Жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2021 оны тавдугаар сард барьж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын ажил одоогийн байдлаар 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулах ёстой. Төлөвлөсөн хугацаанаасаа нэг өдрийн ч өмнө оруулах хэрэгтэй байна. Тиймээс бид гүйцэтгэгчдээ шаардлага тавин ажиллаж байгаа. Нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал бид нэмээд 60-80 ам.долларын орлого олох боломжтой.
Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.
Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалгаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна”.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас УИХ-ын наймдугаар тогтоолын дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нэг мөр шийдэх асуудлыг судлаад өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигч болох, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгохыг үүрэг болгосон. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг нээлттэй хөрөнгийн биржээр арилжаалагдах боломжгүйгээр гаргасан байна. Энэ том уул уурхайн компанийн хувьцаа нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн бүр тус компаниас ногдол ашиг хүртдэг байх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан учраас арилжаалах боломж өнөөдөртөө байхгүй. Цаашдаа ч арилжаалах хэлбэр рүү орох боломж хомс юм билээ. Бас хувьцаатай холбоотой хэдэн асуудал үүсээд байгаа. 2015 онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын үед 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг тодорхой түвшинд хийсэн. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудаас хувьцааг нь шууд худалдаж авах зэрэг. Энэ нь цаашдаа бүх иргэн хувьцаа эзэмшигч болоод явах нөхцөлд доголдол үүсгээд байгаа. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хүртэж чадахгүй яваа асуудал бас байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшдэг байх, жил бүр ногдол ашгийг тогтмол авдаг байх асуудлыг шийдэхээр байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад иргэн бүр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч болно, нас нөгчсөн, Монгол Улсын иргэншлээс гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх хаагддаг байх зохицуулалт хийх юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй