-Д.Чимэд-Осор гэхээр нэг сайхан өвгөний дүр л сэтгэлд буудаг. Нөгөө намайг төрөхөд өвгөн л байсан гэдэг мөрүүд шиг л. Харин энэ жүжигчин залуудаа ямар хүн байсан бол?
-Манай аав 1912 онд төрсөн хүн. Бага залуудаа айлд зарцлагдаж, хувьсгал ялсны дараа галч ч хийж явсан. Хамтрал байгуулагдахад борной чирч явсан гэж байгаа юм. Тэр ч байтугай хар гэрт хошуу тамгын газар хуяг хүртэл хийж явсан юм билээ. Эр бие өсөөд цэрэгт явсан. 1936 онд цэргээс халагдсан гэдэг юм. Цэрэгт байхдаа улс хувьсгалын 15 жилийн ойгоор зарласан уран зохиол, яруу найруулгын уралдаанд нэг зохиол бичээд явуулсан. Азаар тэр нь уралдаанд шалгараад, улсаас “Уран зохиолч” цолоор шагнуулж байсан. Цэргээс халагдан ажил сураглаж явахдаа “Театрт зарлагын ажил байна” гэж сонсоод жигтэйхэн баярлаж. Театрт дагалдан жүжигчин элсүүлэх шалгалтын үеэр таарсан юм билээ. Нэг өдөр давхиад очиж, шалгалт өгөх юм болж. Юун зарлага байх вэ. Юу чадах вэ гэхээр нь дуу дуулсан чинь шал буруу өнгөнөөс “аваад хаяж”. “Лимбэ үлээ” гэхээр нь хоёр өнгөөр сааралтуулаад бас “унаж”, хамгийн сүүлд “Зуны халуун нартай өдөр унтаж байгаа хүн бол. Ялаа хэдгэнэ ээрээд, үргээж байгаа хүн болоод үзүүлээдэх” гэхээр нь мань эр нэг юм үзүүлсэн чинь болсон юм байлгүй “Гарч бай” гэж. Хэд хоногийн дараа дагалдан жүжигчнээр тэнцсэнээ мэдсэн гэдэг юм.
-Аав тань тэр үедээ гэр бүлтэй байсан уу?
-Яг театрт орохдоо ганц бие байсан.
-Эхээс хэдүүлээ вэ, ямар айлаас гаралтай юм бол?
-Ээжээс гурвуулаа. Манай аав дунд хүү нь. Хувь заяа нь ч сонин. Ах нь насаараа лам явсан. Өнгөрөхдөө ч өөрт байсан бүх юм, ном судраа Ганданд өргөж байсан. Отгон дүү нь цэргийн хүн. Сүүлд Мах комбинат, төмрийн завод энэ тэрд ажиллаж байсан. Маш уран гартай хүн.
-Ээж нь жирийн л малчин эмэгтэй байсан уу?
-Жирийн л нэг эмэгтэй. Эмэг эх Банзрагч маань намайг төрөхөөс арван жилийн өмнө бурхан болсон болохоор би үнэндээ сайн мэдэхгүй л дээ. Лам захтай дээл өмсч, тоорцог тавьсан хөгшний зургийг “Ижийн минь хөрөг” гэж аав ихэд дээдэлж, цагаан сараар өмнө нь идээ будааны дээж тавьж, зул өргөн, хадаг тохдог заншилтай сан. Зургийн цээжин биеийг хадгаар ороож, төв дунд нь “Ариунаар мишээн мөнхөд дурсагдах эх тань дор” хэмээн монгол бичгээр хичээнгүйлэн бичсэн байдаг юм. Аав минь нялх балчраасаа 40 хүртлээ хамт амьдарсан болохоор ч тэр үү ээжийнхээ тухай үргэлж ярьдагсан. “Ааяа бид хоёр” гээд эхлэхээрээ заавал нэг сонин түүх, хошин явдал дурсана. Расул Гамзатовын “Ээжийгээ хайрлаж яваарай” найраглалыг аав унших дуртай.
Тэгээд ч бидэнд “Аавынхаа шийрийг хатааж Ардын жүжигчин болоорой” гээгүй. “Ижийгээ хайрлаж яваарай” л гэж байнга захина.
Аавын минь ээжийнхээ хөргийн өмнө модон хундагатай архи бариад
Ариун цагаан сүүгээ
Бургилж байхын үеэс ч
Амин голт зүрхээ
Цохилж дуусахын цагт ч
Энэрсээр хайрласаар
Ижий минь, ижий минь гэж өөрийн зохиосон шүлгийг аялгуулан хэлж, түүндээ уяран зогсоо халамцуухан дүр нь сэтгэлд үлдэж дээ.
–Ихэнх хүүхдүүд ээж, аавынхаа түүхийг тэр бүр сайн мэддэггүй. Гэтэл та өөр юм аа?
-Нэгдүгээрт би багаасаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Бүх өдөр, он, сартай нь. Аавыг нас барахаас өмнө би өөрөө 120 асуулт гаргаад, Ж.Саруулбуян ахыг гуйж байгаад радиогийн хар репертёр гэж байсан шүү дээ. Тийм аппаратаар аавынхаа яриаг бичиж авч байсан юм. Дараа нь ном бичихэд энэ бүхэн хамгийн их тус болсон.
-Мэргэжлийн онцлог нөлөөлдөг байх. Та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би хуулийн хүн.
-Жүжигчид танайхаар их орж гардаг байсан байх?
-Би яг тийм орчинд өссөн. Нэг удаа хичээл тараад ирсэн чинь Богд хаан, Дамбийжаа, Сүхбаатар жанжин тэгээд манай аав “Өглөө” киноны бөө энэ хэд цуглачихаж. Чи бод доо. Богд хаан нь Сүхбаатартайгаа шивэр авир хийгээд нудраад, Сүхбаатар Дамбийжаа хоёр уг нь кинон дээрээ бол үүрэг өгөөд нэгнийхээ толгойг авахуулаа биз дээ. Тэгсэн чинь хундага тулгаад, тэврэлдээд үнсэлцээд л. Их сонин харагдаад байгаа байхгүй юу. Би тийм л орчинд өссөн. Кино үйлдвэрийнхэн бүгдээрээ ирээд буулгана. Дорнодын театрынхан манай аавын шавь гээд цагаан сараар ирнэ. Социализмын үед цагаан сар хаалттай. Яг цагаан сарын үеэр хотын намын хорооноос үүрэг өгөөд цанын зугаалгаар албан байгууллагын улсуудыг гаргана. Сонсгол хийнэ. Ажил тарах үед лекц уншуулна. Тийм айхавтар хатуу хавчилга дор харин манай аав жинхэнэ билэг танхай, өргөн дэлгэр цагаан сар хийдэг байсан.
-Аавын хувьд Д.Чимэд-Осор гуай ямар хүн байв. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Аав, ээжээсээ бид арван хэдүүлээ. За тэгээд одоо өнгөрсөөр байгаад ер нь цөөхөн болцгоож байна даа. Аавын хувьд миний аав аугаа. Энэ насандаа бурханд ганц баярлаж явдаг юм тэр. Ямар гээчийн эртний сайхан ерөөлөөр энэ насандаа эцэг, үр болж заяасан юм. Үүнд их баярлаж явдаг. Тийм учраас аавдаа буян хийх юмсан гэж 80 насных нь ойгоор ном гаргасан. Хөрөг зургийн нэрт мастер, зураач Орхонд захиалж байгаад хөргийг нь зуруулаад авсан. Кино хийлгэсэн. Аавыгаа мөнхжүүлэх гээд аминдаа их л оролдож байна.
-Та аавтайгаа найзууд шиг нууцаа хуваалцдаг байв уу?
-Манай аав тийм зантай. Хэнийг ч ялгаж харьцдаггүй. Тийм учраас бид хоёр их нээлттэй ярьдаг. Оройд хоёулаа зэрэгцээд хэвтэнэ. Аав аа, Ичинхорлоо гэж ямар хүн байсан юм бэ. “Нүгэл буян”-д тоглож байхад Ичинхорлоо гуай Тоо хуар болоод хар тамхи хэрэглээд байсан. Яг мань хүн бага залуудаа хар тамхи хэрэглэж байсан юм уу гээд сэтгүүлчдийн өдөөсөн асуулт шиг юм асууна. Заримдаа мань эр уурлана. “Чи хаашаа юм” гээд. Би өмнөх эхнэрийнх нь зургийг хараад асуусан. “Аав энэ ямар учиртай юм” гээд. “Чи хүүхэд байж яасан илүү үгэнд дуртай юм” гээд уурлаж байсан. Сүүлд нь тайлбарласан л даа.
-Та Цогзолмаа гуайд зориулж “Малчин бүсгүй” дууны шүлэг бичсэнийг нь яаж мэддэг юм. Тухайн үедээ өөрөө албан ёсоор маш “дипломат” хариулт өгч байж шүү дээ?
-Мэднэ шүү дээ. Мэдээлэл цуглуулах янз бүрийн арга байна. Ер нь багын сониуч зантай хүүхэд байж. Арван хэд дотроо хамгийн их хэрэгт дуртай нь би байсан.
-Хүүхдүүддээ цаг гаргадаг байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд манай аав гэртээ жүжиглэдэггүй. Яаж тийм олон сайхан дүр бүтээснийг мэддэггүй. Миний л мэдэхийн миний аав миний хажууд л байсан. Ихэнхи цагаа бидэнтэй өнгөрөөдөг байсан. Үе, үе хөдөө явна, ирнэ. Ирсэн үедээ аа яа яа, хоол сайхан хийнэ. Гэхдээ жаахан фантазтай. Заримдаа юуг ч юутай ч найруулаад юу ч хийж байж магадгүй. Гэр орны ажилд сайн. Ойр зуурын дархны ажилд мастер. Бидний гутлыг өөрөө засна. Манайд гутал засдаг багаж хэрэгсэл бүгд байсан. Өөрөө багажны хайрцагтай. Нарийн хөрөө хүртэл байсан.
-Хожуу гэрлэсэн, хүүхэдтэй болсон хүмүүс амьдралын үнэ цэнийг мэдэрсэн байдаг?
-Дөчин нас хүрээгүй байхдаа хоёр ч удаа амьдрал зохиож, тэднийгээ алдчихаад, гутраад архинд орж байсан үе ч бий гэдэг. Хэвлийд байсантайгаа нийлээд гурав билүү дөрвөн хүүхдээ алдсан байдаг. Тэгээд манай ээжтэй суугаад үнэхээр жаргасан. Манай ээж хорь дүү хүн байсан. Аавтай нийлэхдээ оёдолчин байсан. Үйлэнд уран гэж жигтэйхэн. Ээж байхгүйгээр аав ийм байхгүй. Аав тэрийгээ бардам хэлдэг байсан. Хорьтой эмэгтэй 40-тэй хүнтэй суугаад арван хүүхдийг нь гаргаж өгөх үү.
-Шүтэн бишрэгч нь байсан юм болов уу?
-Үгүй л дээ. Аавыг архи уухаар ээж дуугарахгүй. “Та аавд юм хэлж байхад яадаг юм бэ. Хорь дүү хүн чинь тас атгах хэрэгтэй шүү дээ” гэж ээжийг явуулахаар “Яаж болдог юм. Аав чинь хийдгээ хийсэн” гэж хэлдэг байсан. Тэгэхээр манай аав ээжид үнэлэгдсэн хүн байж.
-Жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан гэж үнэн үү?
-Үнэхээр хоёр удаа тэмдэглэдэг байсан. 1936 оны есдүгээр сарын 16-нд Монголын театрын алтан тайзнаа гарсан өдөр нь. Тэр өдрийг төрсөн өдөртэйгээ адилтгаж үздэг байж.
-Д.Чимэд-Осор гуай юунд их баярладаг хүн байв?
-Уран зохиол, киноноос их таашаал авна. Нялх жаахан хүүхэд, гөлөгт их хайртай. “Ну погоди” гээд Оросын хүүхэлдэйн кино үзэх дуртай. Чингиз Айтматовын “Далайн хөвөөний алаг хар толгой” зохиолоор радиод бичлэг хийлгээд ирснийхээ дараа сэтгэл нь нэг их сэмэрч байсныг би мэдэх юм. Дотогшоо сэтгэлтэй. Их мэдрэмтгий. Үгийн өнгийг маш их мэдэрнэ. Хүн болсон хойно буруу үг хэлэх тохиолдол байна. Аймаар тусгаж авна.
-Хүүхдүүдийнхээ амьдрал, мэргэжлээ сонгоход нөлөөлж байсан уу?
-Үгүй, биднийг бараг бүгдийг нь дагуулж явсан. Манайхан бүгд кино, жүжигт тоглосон. Гэхдээ нэг нь ч урлагаар яваагүй. Бидний хувьд л лав авьяас удамшдаггүй гэдгийг бүгд сайн ойлгосон. Гэхдээ бид бүгдээрээ урлагт хайртай, элэгтэй.
-Та багадаа ямар кинонд “гарч амжсан” бэ?
-”Нийслэл хүү”-гийн Мэндээ эмчийн нууцгай хүү. Гэхдээ миний тухай ярихгүй гэсэн биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
“Монголчуудын амьдрал” сонины архиваас
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй